Цэс

Холбоо барих

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран долоо дахь жилдээ энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм. 


Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ. 


Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарсан юм.


Харин эмэгтэй төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Ө.Уянга 7.0 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцож буй Г.Ариунбаяр (6.5 оноо) удаалж, Төв аймгийн оролцогч Д.Баасанжаргал (6.0 оноо) гуравдугаар байрт шалгарсан. Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр (5.0 оноо), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд (5.5 оноо) нарыг тодруулсан юм. 


Түүнчлэн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангаж байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл