“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 49 дугаарын тойм

  2019-12-31 17:04  347


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны отгон дугаарт Өмгөөллийн тухай болон энэхүү хуулийн хамт батлагдан гарсан хуулиудыг нийтэлжээ. Иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршиж буй юм.

Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэх бөгөөд хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй юм байна.

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, өмгөөлөгчийн шалгалт, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, өмгөөлөгчийн эрх, үүрэг, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр болон бусад харилцааг уг хуулиар хэрхэн зохицуулсан талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл”-ээс авах боломжтой.

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг нийтэлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад уг хуулийн зохицуулалт оршиж буй юм.

Монгол Улсын Их Хурлын сонгууль, түүний зарчим, сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах, сонгууль товлон зарлах, сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, сонгуулийн нутаг дэвсгэр, тойрог, тойрог байгуулах, сонгуулийн байгууллага, түүний бүрэн эрх, иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх, нэр дэвшүүлэх нийтлэг журам болон бусад харилцааг хуулиар хэрхэн зохицуулсан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-01-14 17:04  347