Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

  2018-04-20 14:30  205


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.20) нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.


Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна. Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ.   

Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн талаарх судалгаанаас үзэхэд хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авчээ. Харин 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байгаа аж.


Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар 2017 онд хийсэн тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байна. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төслийн үзэл баримталын талаарх хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд, Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Ганболд, М.Оюунчимэг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа.   

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуульд зааснаар газар нь ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн гурван хэлбэртэй байгаа. Энэ удаад Монгол Улсын иргэнд тодорхой хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас иргэдээ өмчтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс төслийг боловсруулсан. Уг нь хугацаагүй сунгах саналтай байсан боловч Хууль зүй, дотоод хэргийн яам хугацаа зааж өгөх нь зүйтэй гэсэн учраас 10 жилээр сунгахаар төсөлд тусгасан.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан бий болгосон. Энэ үндсэн дээр иргэдийн өмчилсөн, иргэд, аж ахуйн нэгжийн ашиглаж, эзэмшиж байгаа газрын бүх мэдээлэл нэгтгэгдэж гарсан, иргэд, хуулийн этгээдийн аль нь ч үзэж танилцах, мэдээлэл авах боломжтой.

Газар өмчлөх, газар олголтод иргэдэд учирч байгаа төрийн байгууллага, албан тушаалтнуудын чирэгдэл, хүнд суртал, хөшүүн хойрго байдлыг арилгах, газрын үнэлгээг шинэчилж бодитой болгох чиглэлд Засгийн газар анхаарч байгаа. Газрын үнэлгээг аль 1997 онд тогтоосноос хойш шинэчлэгдээгүй явж ирсэн нь газар өмчлөлтийг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд саад тотгор болж байгаа учраас газрын үнэлгээг шинэчлэх чиглэлээр судалгаа тооцоо хийж байгаа.

Иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацааг өмнө нь гурван удаа сунгасан, одоо дөрөв дэх удаагаа сунгах асуудал яригдаж байна. Одоогоор манай улсын нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Ер нь газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусах дөхөөд ирэхээр газар өмчлөх асуудал идэвхждэг, хугацааг сунгасны дараа саардаг тал бий гэдгийг хэллээ.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү улсын хэмжээнд өмчилсөн, ашиглаж, эзэмшиж байгаа бүх газрын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлж, бүртгэлийг иргэдэд ил тод болгосон. Мөн хаягжилтыг тодорхой болгож цэгцлэх ажлыг эхлүүлээд байгаа. Одоогоор улсын хэмжээнд 570700 иргэн өөрт ногдох газраа үнэгүй өмчилж аваад байгаа. Үүнээс 170 мянган иргэний газрын өмчлөл хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Учир нь газар нь өмчлөгдөж улсын бүртгэлд орсны дараа үлд хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгддэг. Хуулийн сурталчилгаа, газар өмчлөхийн ач холбогдлыг жилд хоёроос доошгүй удаа улс орон даяар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж иргэд олон нийтэд сурталчилж ойлгуулах, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа гэсэн хариулт өгөв. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага нь газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн бол төр буцааж авах эрх хуулиар нээлттэй, хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь үндэс нь үнэлгээний асуудал. 1997 онд тогтоосон үнэлгээгээр газрын үнэлгээг улсын хэмжээнд дөрвөн бүс болгосныг нарийвчилж өөрчлөх, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд дөрвөн бүс болгосон байсныг газрын зориулалт, ашиглалтын хэлбэрээс нь хамааруулан 16 бүс, 30 гаруй бүсчлэл болгох санал боловсруулан олон нийтээр хэлэлцүүлэх ажил зохион байгуулж байгаа. Одоогоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд иргэд өмчлүүлэх газар байхгүй. Гэхдээ иргэн аль ч аймаг, сум, дүүргийн нутагт газар өмчилж авах эрх хуулиар нээлттэй гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнууд хэллээ.    

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Я.Санжмятав, Д.Ганболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдээ өмчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй болгоход чиглэсэн энэ чухал хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, зөвхөн хуулийн хугацааг сунгаснаар асуудал шийдэгдэхгүй, тиймээс хугацаа заах эсэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд нягталж үзэх, газар өмчлөх чиглэлээр хууль эрх зүй, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хуулийн сурталчилгааг сайн хийж иргэддээ ойлгуулах, соён гэгээрүүлэх ажилд анхаарах, газрын төлөвлөлт, бүртгэлийг боловсронгуй болгох, замбараагүй газар олголтыг цэгцлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч газрын үнэлгээг яаралтай шинэчлэх,  газар өмчлөлийг аймаг, сум, нийслэлийн төлөвлөлт, орон сууцжуулалт, хотын дахин төлөвлөлт, аялал жуулчлал, фермерийн аж ахуйг хөгжүүлэх асуудалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай зэрэг саналууд хэлж байв.  

Ингээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 46 нь буюу 78 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.


Одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуульд норм, нормативыг баримтлан төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх тухай тодорхой заалт тусгагдаагүйгээс төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, батлагдсан төсвийг хэтрүүлэх зэрэг зөрчил, дутагдал төрийн байгууллагуудад гарч байна. Төрийн аудитын байгууллагын 2015 оны тайлангаас үзэхэд 22.8 тэрбум төгрөгийн зөрчил, төлбөр илрүүлж төсвийн орлого болсны зэрэгцээ 215.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлжээ. Мөн аудитын байгууллагын шалгалтаар 2016 онд 1.3 их наяд төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна.  

Иймээс төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан тухайгаа төсөл санаачлагч гишүүн танилцуулав. 

Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн агуулгатай 24.6 дахь заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ж.Мөнхбат, Х.Баделхан, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир, Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    


  2018-04-20 14:03  205