УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй.
Ингээд төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо
Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүгийн үеэр гишүүд нөхөрлөл, хоршоолол эрхлэгчид, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлчилгээ, дэмжлэг авахтай холбоотой асуудлаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7, 12, 23 дугаарт зүйлд заасан “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэснийг хасахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасныг хасах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд зарчмын зөрүүтэй санал гаргасан.
Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Тухайлбал, “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасныг Засаг даргатай зөвшилцөн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага томилж чөлөөлөхөөр гишүүн саналдаа тусгажээ.
Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв.
Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажилласан бөгөөд ажлын хэсэг төлөвлөгөө гарган хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн болон зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, уулзалт хийсэн хэмээн тэрбээр танилцуулсан юм. Ингээд гаргасан санал, дүгнэлтдээ үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн тайлан, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Уг тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2 дахь заалтад туссан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, давтан сургах төв буй болгож ажиллуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.
Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн танилцуулга хийсэн.
Ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг нийт 6 удаа хуралдсан бөгөөд төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.
Ингээд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулсан бөгөөд дээрх саналууд тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.