Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канадын Парламентын нийтийн танхимын даргатай уулзлаа

  2016-09-08 01:00  201

 

Канад улсын Парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнөөдөр ноён Жиофф Рэгантай уулзахдаа Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын хүрээнд эдийн засгаа сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж бүхий л салбарыг хамарч байна. Үүний дотор эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар тэргүүлэх байр суурьтай байгаа нь хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжихийн үндэс юм. Канад нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь чухал түнш орон. Тиймээс бид харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэж ажиллах зорилготой байгаагаа Ерөнхий сайд онцоллоо.

Өнөөдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь Канадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд хаалга үргэлж нээлттэй байхын илрэл болно гэдгийг хэлээд Монголын уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Канад улс тэргүүлж байгаа. Канад Улс нь Монголд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, тусламжийг үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, урт хугацаанд тогтвортой ажиллах чадавхийг бий болгоход анхаарна гэлээ.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, санхүү, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжүүлэх, Канадаас суралцахыг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлэв.

 

Канад улсын Парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган  “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, таатай орчин бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2016-09-22 23:56  201