Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

  2019-10-25 13:58  361

Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дэмжив

    Улсын Их Хурлын өнөөдрийн (2019.10.25) чуулганы нэгдсэн хуралдаан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав. 

    Монгол Улсад бүртгэлтэй мэргэжлийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулдаг. Тус хууль 1997 онд батлагдсанаас хойш 6 удаа өөрчлөлт орсон бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага үүссэн байна. Иймд хууль санаачлагч Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилжээ. Төсөлд мэргэжлийн холбоог оновчтой зохион байгуулалтад оруулж, мэргэшсэн гишүүдээс бүрдсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэх чадавхтай болгож, төрийн зарим чиг үүргийг шаардлага хангасан төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна. Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслүүдийн хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 


    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан. 1 хүн төрийн бус 10 байгууллагын тамга тэмдгийг эзэмшиж байгаа гажуудал бий бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, гишүүнчлэл зэрэг тодорхойгүй байдаг байдлыг цэгцлэхээр төслийг боловсруулсан байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэхээр ижил төстэй олон төрийн бус байгууллага байдаг нь бэрхшээл үүсгэдэг. Төсөлд Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа  явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулахаар тусгасан байна. Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллахаар зохицуулжээ. Хэрэв ингэхдээ тухайн салбарт 3-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан 3-аас дээш тооны төрийн бус байгууллага хамтран байгуулах эрх үүсэх аж. Мэргэжлийн нэгдсэн холбоонд элсэх хувь хүн нь тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан, магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн судлаач байх шалгуурыг хангах зохицуулалттай гэв. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байхаар төсөлд тусгажээ. Ингээд нийт 15 субьектээс бүрдэж, мэргэжлийн холбоог байгуулах аж. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар нарийвчилсан бусад зохицуулалтыг ч тусгажээ. Төслөөр төрийн байгууллагууд 12 төрлийн чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Ийм байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох зохицуулалтуудыг хийхгүй бол цаашид төрийн бус байгууллагуудын эмх замбараагүй байдал, улс төржилтөөс үүдэн мэргэжлийн чиглэлээрх төр-хувийн хэвшлийн түншлэл зохих ёсоор явагдаж чадахгүйд хүрнэ гэдэг байр суурийг төсөл санаачлагч Н.Учрал гишүүн тайлбарлаж байв. 

    Төслийн хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Х.Баделхан нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөвшүүлэхэд, салбарын бодлогыг тодорхойлоход мэргэжилтнүүдийг татан оролцуулах, улмаар төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Төрийн бус байгууллагын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, иргэд нь орлогынхоо 1 хувийг сонголтоороо өөрийн эрх ашгийг төлөөлөх төрийн бус байгууллагын санхүүжилтэд өгдөг төв болон зүүн Европын орнуудын оновчтой хувилбарын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Мэргэжлийн нэгдсэн холбоо нэрээр салбар бүрийг нэг дор зангидах боломжтой эсэхийг нягтлах нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ мэргэжлийн нэгдсэн холбоод дотоод зөрчлөөсөө болоод үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болдог эрсдлийг тооцон төрийн зохицуулалтын болон хяналтын механизм ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар хуулийн давхцалыг үүсгэхгүй байх дээр нягт ажиллах ёстой гэдэг санал хэллээ. Ийнхүү санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 25 нь буюу 56.8 хувийн саналаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн саналуудыг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа харгалзан үзэх чиглэлийг Улсын Их Хурлын дарга  өгсөн юм. 

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулсан байна. Төсөл санаачлагч санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар танилцууллаа. 


    Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй”, НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас баталсан 54 115 тогтоолд “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэжээ. Эдгээрийг тус тус үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим асуудлыг тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Олон улс оронд үндэсний ёс заншилтай нь холбоотой голлох шашны тэмдэглэлт өдрийг нийтээрээ тэмдэглэдэг байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс орны 9 нь албан ёсны амралтын өдөр болгон өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр үндэсний эв нэгдэл бэхжих, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн гишүүн бүрд ёс зүйг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлэн, байр сууриа хэллээ. Ёс суртахууны хэм хэмжээг сануулж, нийтээр нь уриалж байдаг тэмдэглэлт өдөр байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Олон улсын судалгаанаас харахад улс орнуудад нийтээр тэмдэглэн, бүх нийтээрээ амардаг өдрийн тоо дунджаар 12 байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар нийт 8 баярын хүрээнд 14 хоног бүх нийтээр амардаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 өдөр илүү байгааг салбарын сайд С.Чинзориг дуулгасан. Төсөл дэх нэр томъёог өөрчлөх, бүх нийтийн амралтын өдрийг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хуулийн зохицуулалт дахь бүх нийтийн амралтын 14 өдрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах байдлаар шийдэх зэрэг саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Х.Болорчулуун нар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Арван зургадугаар зүйлийн 16.15 дахь заалтуудыг иш татан, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. 


    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 77.3 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсөн. 

УИХ-ын тогтоолуудыг баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан. 

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын хороо 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар тусгажээ. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжснээр “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. 

    Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, харъяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа. 


    Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан бөгөөд үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хороо хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжсэн байна. 

    Д.Хаянхярваа гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзснээр санал хураалт явуулсан. “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжин батлав. Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. 

    Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Хаянхярваа гишүүн танилцуулав. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Улсын Их Хурал төслийг ард нийтийн санал асуулгад оруулж, батлуулах нь зүйтэй хэмээн тогтож, “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан тул Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн байна. Уг төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна. Байнгын хороо төслийг хэлэлцээд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжсэн байна. 

    Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд бүх асуудлыг 57-гоос дээш тооны гишүүн дэмжснээр хоёр дахь хэлэлцүүлгийн дараах хувилбарыг нэгтгэсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.” хэмээн тусгасан байдаг. Энэ дагуу холбогдох хэлэлцүүлэг явуулахад Улсын Их Хурал Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэн, энэ дагуу хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнд гарсан төсөл дээр Ард нийтийн санал асуулгад оруулах тухай нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн байна. Хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг хийн төслийн эхийг баталсан. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хүчингүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбар хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан учраас холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх болоод байгаа аж. Ингэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарт Ард нийтийн санал асуулгад оруулахаар бэлтгэхдээ санал хураан шийдвэрлсэн хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг дахин санал хураан шийдвэрлэх болж байгаа аж. 


    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 29 нь буюу 69 хувь нь дэмжин “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын дарга энэхүү тогтоолын уншиж танилцуулахад гишүүд тогтоолын эцсийн найруулгатай холбоотой санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


  2019-10-25 18:41  361