Төсвийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв

  2020-05-12 17:44  601


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  

Д.Занданбат: Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

    Хуралдааны эхэнд Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2018 оны 1 дүгээр тогтоолоор Үндэсний аудитын газрын 2019 оны аудитын сэдвийг баталж, мөн 2019 оны 4 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Төрийн аудитын байгууллагаас 2019 онд  санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд төсвийн бүх шатны захирагчийг хамруулан санхүүгийн 3958 тайланд дүгнэлт гаргасан бол батлагдсан сэдвийн хүрээнд гүйцэтгэлийн 165 аудитад 3368 байгууллага,  нэгжийн үйл ажиллагаа, нийцлийн 108 аудитад 7399 хуулийн этгээд тэдгээртэй холбогдох талуудын үйл ажиллагааг хамруулан нийт 4231 аудит хийсэн. Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрч, тэдгээрийн 17 хувь буюу 1 их наяд 535,9 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг аудитын явцад залруулан, нийт 19.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 их наяд 991,9 тэрбум төгрөгийн зөрчил,  албан шаардлага хүргүүлж, аудитын дүгнэлтэд үндэслэн 7524 зөвлөмжийг аудитын тайлангаар өгсөн гэж байлаа. Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуудлан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авав. 

    Үргэлжлүүлэн ““Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”, Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 

Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат дурдаад Аудитын батлагдсан сэдвийн хүрээнд хийсэн аудитын төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, төрийн аудитын байгууллагын батлагдсан төсөв, Үндэсний аудитын газрын ажилтнуудын ажлын ачаалал болон тодорхой шалтгааны улмаас 2020 онд гүйцэтгэх аудитын зарим сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон гэв. 


  Тухайлбал,  1.“Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт’-д хийх 2 тусдаа аудитыг нэгтгэн ‘Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт- /Доншен газрын тос (Монгол) ХХК, 2015-2018/” гэж өөрчлөх, Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тоггоолын хавсралтын “Өмнөх оноос шилжиж буй аудит” хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.11.30’ болгож, хэлэлцүүлэх Байнгын хороо “Эдийн засгийн байнгын хороо" гэж;    2.“Газрын тосны салбарт 2019 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт”- /Доншен газрын тос (Монгол) ХХК/-д хийх аудитын Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.06.15" гэснийг "2020.12.30" гэж өөрчлөх;
 3. “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”-д хийх аудитын нэрийг ‘Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” гэж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг ‘2020.05.15’ гэснийг “2021.12.30" гэж өөрчлөх;
4. “Тухайн жилд хэрэгжиж эхлэх төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд аудит хийх” сэдвийг хасах;
 5."Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" сэдэвт аудитыг Төсвийм байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит" хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.12.15" болгож, хэлэлцүүлэх Байнгын хороог “Эдийн засгийн байнгын хороо" гэж;
6.“Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2021 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө" сэдэвт аудитыг Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит" хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацаа “2021.04.15" болгож, хэлэлцүүлэх Байнгын хороог "Төсвийн байнгын хороо" гэж;
7.“Монголын үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн" сэдэвт аудитыг Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит” хэсэгт нэмэх;
8.“Аймаг, нийслэл, сум дүүрэг дэх орон нутгийн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох" сэдвийг хасах;
 9.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд, мэдээлэх" сэдвийг хасах;
10.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиуд шинээр батлагдсантай холбоотой 2020 оны сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулдуулан хийх аудитын сэдэвт хуулийн заалтад нийцүүлэн өөрчлөлт оруулахаар санал оруулжээ.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. 

Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталж, орон тооны дээд хязгаарыг  496 болгохыг дэмжив

    Дараа нь “Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.     

Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Үндэсний аудитын газар Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд  болон төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх аудитын нийт 30 сэдвийг төлөвлөснөөс хууль тогтоомжийн дагуу 22, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, мөн он дамжиж гүйцэтгэх 2 аудит байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөх санал хэлсний дараа  Байнгын хорооны тогтоолыг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Хуралдаан “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  

 Төрийн аудитын байгууллага нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 2717 байгууллагын санхүүгиин тайланд аудит хийж дүгнэлт гаргасан нь нийт аудит хийвэл зохих санхүүгийн таилангийн 42 3 хувийг эзэлж байгаа бөгөөд хараат бус аудитын байгууллагын гүйцэтгэсэн 1241 санхүүгийн тайлангийн аудитыг нэмж тооцвол нийт аудит хийвэл зохих байгууллагын 61,7 хувьд аудит хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалж нийт аудит хийлгэвэл зохих байгууллагын 38.3 хувьд нь аудит хийгдэхгүй байна гэдийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа дурдсан. 

    Мөн сүүлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул тэдгээрийн гүйцэтгэлийн үр дүн, үр өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны тэлэлттэй холбогдон аудитын хамрах хүрээ өргөжиж байгаа нь аудитын ажлын ачааллыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Үүнтэй уялдуулан мэргэшсэн инженер, төсөв санхүүгийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин шаардагдаж байгаа юм. Мөн олон улсын чанартай гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөрт аудит хийхэд олон улсын эрх зүйгээр мэргэшсэн шинжээч зайлшгүй хэрэгцээтэй байна гэж байлаа. 

    Гүйцэтгэл болон нийцлийн аудитын хугацаа бага, хүний нөөц дутуу байгаагаас шалтгаалан төлөвлөгөөт аудит хугацаандаа багтаж хийгдэхгүй байна. Олон улсын жишгээр нэгж аудитыг иж бүрэн хийхэд 6-12 сар шаардлагатай гэж үздэг бол аудитын ажлын ачаалал, батлагдсан сэдвийн тоо, хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалан тус байгууллагын гүйцэтгэж буй аудитын хугацаа дээрх жишгийн хамгийн доод төвшнөөс 3 дахин бага буюу 2-2.5 сарын хугацаатай байгаа нь аудитын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газар нь гүйцэтгэл болон нийцлийн аудитын тусдаа нэгжтэй хэдий ч ажлын ачаалал хүний нөөцийн хүрэлцээгүй байдлаас хамаарч тухайн онд төлөвлөсөн аудитууд хугацаандаа бүрэн гүйцэд хийгдэхгүй байнга он дамжиж байнгааг танилцуулгадаа дурджээ. 

    Иймд Төрийн аудитын тухай хуулийн 6.3.2, 6.3.3. 6.3 4 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд одоогийн хүний нөөц хангалтгүй бөгөөд санхүүгийн аудитаар 347, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар 163 захиргаа, удирдлага, сургалт мэдээллийн технологи дэмжих үйлчилгээний чиглэлээр 85, нийт 595 орон тоо нэмэх шаардлагатай байна. Үүнээс 102 орон тоог  нэн тэргүүнд нэмэх шаардлагатай байгаа юм. Төсвийн Байнгын хорооны 2017 оны 01 дугаар тоггоолоор батлагдсан төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 102 хүнээр нэмэгдүүлж 496 байхаар санал оруулж байгааг Д.Занданбат танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын 2 дахь хэсгээр тогтоосон орон тооны дээд хязгаарыг “496” гэж өөрчлөхөөр тусгажээ. 


    Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж, төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 
 Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2020-05-12 17:20  601