Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

  2018-12-05 09:15  151

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.12.05) Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастаньяг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн дэмжлэгтэйгээр нийтийн сонсгол зохион байгуулах арга зүйн сургалтыг Улаанбаатар хотноо 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд, БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа, нийтийн сонсгол зохион байгуулж буй туршлагатай танилцах арга хэмжээг 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.


    Уулзалтаар талууд энэхүү сургалт, туршлага судлах үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцож, сургалтыг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаар тогтлоо.

    Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-12-05 14:55  151