Цэс

Холбоо барих

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.29) нэгдсэн хуралдаан 16 цаг 43 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуулийн төслийг баталлаа

    Нэгдсэн хуралдаанаар эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.


    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэн хэлэлцүүлжээ. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 7.1.36, 7.1.37 дахь заалт, 7.2 дахь хэсгийг дахин томьёолж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хуулийн үйлчлэх хугацааг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн “өдрийг хүртэл” гэснийг “өдрийг дуустал” гэсэн саналууд Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан дээрх саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул хуулийн төслийн 18.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Ё.Баатарбилэг гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүн дээр цар тахлын улаан шугамд албан үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын байгууллага болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид зэрэг 5000 орчим хүнийг хамруулах боломж бий эсэхийг тодруулсан. Д.Сарангэрэл гишүүн дээрх шийдвэрийг дэмжиж байгаа ч санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж, хариулт авав. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий энэхүү хууль энэ оныг дуустал хэрэгжинэ. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой, хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна. Тэгвэл хуулийн үйлчлэл дуусах үед Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны байгууллагын эрх зүйн асуудал хэрхэх талаар Т.Доржханд гишүүн тодруулж, хариулт авсан.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын 3 томьёолол, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасан байдгийн дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 64 гишүүний 47 нь буюу гишүүдийн 73.4 хувь нь дэмжиж, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.


    Цар тахлын үеийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжих хугацааг энэ удаа сунгаж байгаа ч цаашид Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэнчлэн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж, Онц байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг нэгтгэн, олон улсын жишигт нийцсэн хууль баталж гаргах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Цаг зуурын бэрхшээл хэдийд ч тулгарч болзошгүй, цаг агаар, экологи, техник технологийн дэвшил гээд өөрчлөгдөж байгаа цаг үедээ нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох бүх тал онцгой анхаарч, ажиллах чиглэл өгөв. Хүний хязгаарлаж болох эрх, эрх чөлөө, хязгаарлаж болохгүй эрх, эрх чөлөөний заагийг онцгой байдлын тухай эрх зүйн зохицуулалтаар бусад улс орнууд хийсэн байдаг. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 онд баталсан, цар тахлын нөхцөлтэй холбогдуулан хоёр удаа өөрчлөлт оруулсан. Харин Онц байдлын тухай хуулийг 1995 онд баталсан байдаг юм билээ. Эдгээрийг нэгтгэн, цаг үедээ тохирсон, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн цогц зохицуулалт болгох чиглэлд ажиллах гишүүдийн саналыг талууд анхаарч ажиллаарай хэмээн сануулав. Улсын Их Хурлын зүгээс цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг бүхий л талаараа дэмжин, шуурхай ажиллаж байгааг энэ үеэр Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн.  

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас 9 дүгээр зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Кино урлагийн зөвлөлийн гишүүд, уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл орох, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах, хууль, журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Кино урлагийн зөвлөлийн гишүүнээр томилж, чөлөөлж байх талаар найруулж, томьёолон санал хураалт явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дээрх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн байна.


    Б.Жаргалмаа гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Кино урлагийн зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх, түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнийг томилж, чөлөөлөх бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байх зохицуулалтыг төсөлд тусгасан байгаа нь төрийн алба хашиж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж, томилно гэдэг агуулгаар Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дэмжсэн гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн онцоллоо. Түүнээс төрийн албанд ажиллаж байсан, эсвэл тодорхой хугацаанд чөлөөлөгдсөн, эсвэл нөөцөд байгаа нь тус Зөвлөлийн даргаар томилогдох шаардлагыг хангахгүй гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан дээрх Зөвлөлийн ажиллах журмын талаар тодруулж, Ч.Номин сайдаас хариулт авлаа. Н.Ганибал гишүүн урлагийн салбарын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн бол С.Чинзориг гишүүн, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулах Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар тодруулав. Түүнчлэн салбарын хууль бүрд орон тооны бус Зөвлөлтэй байх зохицуулалтыг тусгаж байгааг сануулав. Харин энэхүү төсөлд тус Зөвлөлийн дарга нь орон тооны байх бөгөөд ажлын албатай байхаар төсөлд тусгасныг шүүмжилж байлаа. Ч.Ундрам гишүүн кино урлагийн салбарыг ач холбогдол, эдийн засгийн хэтийн үр өгөөжийг тооцож төрөөс дэмжихээр эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг тэмдэглэж байлаа.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулав. Төсөлд “Кино урлагийн зөвлөлийн бүтэц, бүрэн эрх” гэсэн 9 дүгээр зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Энэхүү зөвлөл нь кино урлагийн дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх аж. Зөвлөлийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын, бусад нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтлах аж. Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх, түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнийг томилж, чөлөөлөх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байх юм байна. Энэ хугацааг нэг удаа сунгаж болох зохицуулатыг мөн төсөлд тусгажээ. Зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд өөрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө, бусад орлогоор санхүүжих зохицуулалтыг мөн тусгав.


    Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жаргалмаа гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 68.2 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.


    Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд, коронавируст цар тахал, түүнчлэн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субьектийг тодорхой болгох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгасан байна.

    Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.


    Байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ. Дараа төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 39 нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Боловсролын реформын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийнх болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргав

    Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.


    Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа ч Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Боловсролын индексээрээ 189 орноос 103 дугаарт, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дугаарт орж байна.

    2018 оны “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээг илтгэж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. 

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд төслийг дагалдуулан 9 бүлэг, 30 зүйлтэй Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, 7 бүлэг, 33 зүйлтэй Дээд боловсролын тухай хуулийн төсөл,  5 бүлэг 24 зүйлтэй Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон эдгээр хуулийн төслийг дагалдуудан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.


    Боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, өөрийн улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан, боловсролын зорилгыг шинэчлэх, хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд шинээр буй болж буй өргөн боломж, түүний дотор технологийн дэвшлийг ашиглан боловсролыг эзэмших шинэ арга, хэлбэрийг уян хатан, эрчимтэй болгохын хамт сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, тогтвортой байх нөхцөлийг хангах, үнэлгээний тогтолцоог сайжруулах, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг чанаржуулах, сургуулийн хэв шинж, бүтэц, байршлыг оновчтой болгох эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай болсныг мөн дурдав. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сургалтын ахиц, амжилтын талаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дүн зөрүүтэй, хот хөдөөгийн сургалтын чанар харилцан адилгүй байгаа нь сурлагын ахиц амжилтыг тодорхой давтамжтайгаар хөндлөнгөөс үнэлэх үнэлгээний тогтолцоог бүх шатны сургуульд нэвтрүүлэх шаардлагатай байгаагийн илрэл хэмээн үзсэн байна. Багшийн мэргэжил, ажиллах нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулах цогц механизм бүрдүүлэх замаар мэргэжлийн нэр хүнд, нийгмийн үнэлгээг дээшлүүлж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын үнэлгээ, цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулснаар нийгэм дэх нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш бэлтгэх үндэсний тогтолцоог бий болгох, чадваржуулах, сургалтын чанар, үнэлгээ, үр дүнг сайжруулах, чанартай багш бэлтгэх хэрэгцээ, шаардлагыг мөн дурдсан.

    Боловсролын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан, боловсролын чанар, гүйцэтгэл, үр дүнтэй уялдаа холбоогүй, нэг хүүхдийг сургаж буй бодит өртөг, зардал ялгаа ихтэй, сургалтын хөтөлбөр болон боловсролын стандартыг хангах, сургалтын байгууллага төсөв, санхүүжилтээ үр ашигтай захиран зарцуулах идэвх санаачилгыг урамшуулдаггүй зэрэг сул талууд бий гэдгийг мөн тэмдэглэж байсан.


    Ерөнхий боловсролын сургуулийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой хувилбарыг тогтоох, сургалтын чанарт суурилсан багшийн цалин, урамшууллыг олгох нөхцөлтэйгөөр жил бүр төсөв, санхүүгийн шударга, зохистой дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ гэлээ. Боловсролын зээлийн санг Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт элсэгчдэд их дээд сургууль, коллежийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр ахисан шатны суралцагчдын сурлагын амжилт, судалгааны ажлын чанартай уялдуулан шаардлага хангасан тохиолдолд сургалтын тэтгэлэг, тусламж, зээл олгох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны болон багшийн хөгжлийн дэмжих хэлбэрээр өөрчлөн зохион байгуулна. Дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц, засаглалын тогтолцоо, хөтөлбөрт тавигдах шаардлага, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хэрэгцээ бий. Шинжлэх ухаан, дээд боловсролын уялдааг өргөжүүлэх, судалгааны их сургууль болон шинжлэх ухааныг бэхжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ. Төсөл дэх зохицуулалтын үр дүнд дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц сайжирч, удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулснаар сургалт, судалгаа, үйлдвэрлэл, академик эрх чөлөө боловсролын чанарын баталгааны тогтолцоо сайжирна гэж үзсэн байна. Их, дээд сургуулийн засаглал, удирдлагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, ахисан түвшний сургалт, судалгаа олон улсын жишигт хүрэх боломж бүрдэх юм байна. Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалт нь байгууллагын сургалт, судалгааны гүйцэтгэл болон чанарын удирдлагыг сайжруулахад чиглэж, нээлттэй, оролцогч талуудыг бүрэн хамруулсан тасралтгүй үйл ажиллагаа бүхий тогтолцоог бүрдүүлнэ. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарсан байна. Боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг бие даалгах, удирдах албан тушаалд томилогдох хүмүүст тавих шалгуур мэргэшсэн, чадахуйн зарчмыг баримталж, эрх үүргийг нарийвчлан тусгасан байна.

    Байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх, ухааны спортын байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэжээ.


    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Боловсролын байгууллагын удирдлага, засаглалын талаарх Н.Наранбаатар гишүүний асуултад салбарын сайд хариулт өгөхдөө, төслийн үндсэн зорилгуудын нэг нь боловсролын салбарын удирдлагын тогтолцоог оновчтой,  улс төрөөс хараат бус, мэрит зарчимд суурилсан байхаар өөрчлөх гэв. 2012-2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон, жилд дунджаар 112 сургуулийн захирал солигддог гэсэн тооцоолол гарчээ. Шинээр томилогдож буй нийт захирал, эрхлэгчийн 32 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь тав хүрэхгүй жил боловсролын жилд ажилласан гэх тодорхойлолттой. Аль нэг шатны боловсролын байгууллагын удирдлагаар 5-10 жил ажиллахаар хувийн эзэмшил мэт ханддаг жишиг байгааг өөрчилж, бүх шатны боловсролын байгууллагын удирдлагаар томилогдох шалгуурыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзжээ.

    Орон нутагт багшлах боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлд төслөөр ямар зохицуулалт хийснийг лавласан гишүүний асуултад хариулахдаа “Төслийн реформын нэг чиглэл нь боловсролын байгууллагын санхүүжилтийн шинэчлэлт юм. Тодруулбал, багшийн урамшууллын нэмэлт санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан байдлаар нэмж тусгасан. Одоо хэрэгжиж буй хууль дахь орон нутагт ажилладаг багш нарын нэмэгдэл хэвээр, боловсролын байгууллагын нийт ажилтнуудын ээлжийн амралттай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Хүүхдийн тоо, бүлэг дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, боловсролын стандарт, багш ажилтны дундаж цалин хөлсөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны шууд зардлыг норматив зардалд тусгахаар төсөлд тусгасан” гэв.

    Дээд боловсролын чанарыг сайжруулахтай холбоотой зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад хариулахдаа, Монгол Улс дахь дээд боловсролын нийт 88 байгууллагын үйл ажиллагааг чанаржуулахын тулд агуулгын хувьд томоохон өөрчлөлт хийсэн хэмээн ажлын хэсэг онцоллоо. Үүний тулд их, дээд сургуульд багшлах боловсон хүчнийг чанаржуулах, багш нарын эрдмийн зэрэг, олон улсын чанартай эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн эсэх, оюутан, багш нарын харилцаа зэргийг чухал шалгуур болгосон гэв. Энэ шалгуураа их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангиллаар ялгасан гэлээ. Тухайлбал, их сургууль нь таваас доошгүй доктор, арван таваас доошгүй магистрын хөтөлбөртэй, үндсэн багшийн 50-иас доошгүй хувь нь докторын зэрэгтэй, багш нарын 60-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээний бүтээлтэй байх шаардлагуудыг тавьсан гэлээ. Ингэснээрээ боловсролын байгууллагууд зах зээлдээ хөтөлбөр, чанараараа өрсөлдөх нөхцөл бүрдэж, магадлан итгэмжлэл авахын тулд нэлээд өндөр шалгуурыг хангахаар болж байгаа гэв. Үүний нөлөөгөөр их, дээд сургуулиудын тоо буурах ч, чанар дээшилнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Монгол Улсад дээд боловсролын 3360 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэгдсэн, хүчинтэй нь ердөө 150-160 орчим байдаг байна. Их, дээд сургуулийн багш, судлаачдын судлагааны үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг оюуны бүтээлээ эргэлтэд оруулах зорилгоор ашиглах зохицуулалтыг тусгаснаараа дэвшилт болсныг ажлын хэсэг тайлбарлаж байв.  

    Аливаа ажлын үр дүн нэгжийн удирдлага, зохион байгуулалт, улс төрөөс хараат бус эсэх, санхүүжилт зэргээс шууд хамаардаг гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэлж байв. Тиймээс их, дээд сургуулийн удирдлагын томилгоо болон санхүүжилтийн шинэчлэлийн талаар тэрбээр онцолж тодрууллаа. Бүх шатны боловсролын байгууллагыг чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэлбэрт шилжүүлнэ гэв. Төслийн хүрээнд боловсролын байгууллагуудын санхүүжилтийн чиглэлээр дөрвөн шилжилт хийх юм байна. Нэн тэргүүнд бүх шатны сургууль хагас бие даасан тогтолцоонд шилжих, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоох, сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгодог болно гэв. Сургуулийн бүх өмчийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, салбарын яамнаас хуваарилах биш, урсгал зардалд нь элэгдэл зардлыг нь суулгаж, ширээ сандал, лабораторийн төхөөрөмж, компьютеруудаа сургуулиуд өөрсдөө зохицуулж байх санхүүгийн эрх чөлөөг нь олгох нь зүйтэй гэж үзсний үндсэн дээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн Л.Энх-Амгалан сайд хэллээ. Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг өнөөдрийн хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайд томилж, чөлөөлдөг. Сайдын үзэгний үзүүрээр хийгддэг томилгооны арга хэлбэрийг халж, олон улсын чиг хандлагад нийцүүлэх нийгмийн захиалга, хүлээлт байгаа учраас төсөлд их, дээд сургуулиуд корпорацийн зарчимд шилжиж, зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, санхүү, төлбөрийн хувьд нэлээн либеральчлагдах юм байна. Тиймээс их, дээд сургуулийн удирдлага, захирал нь ТУЗ-ийнхөө хурлаар, мэрит зарчмаар томилогдож, чөлөөлөгддөг болно гэв. Орчин цагийн их, дээд сургууль нь судалгаа хийж, мэргэжилтэн бэлтгэхээс илүүтэй мэдлэг бүтээж, инновацыг бий болгож, судалгаа хийх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаа нь чиглэдэг болсныг ажлын хэсэг тайлбарлаж байв. Энэ утгаар нь Монгол Улсад судалгааны их сургуулийг байгуулах замаар нөөцийг тарамдуулахгүй, зөв менежмент хийхэд төсөл дэх зохицуулалтууд хийсэн байна. Их сургуулийг хэв шинжийн хувьд судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд санхүү болон засаглалын хувьд бие даасан судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон гэв. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрт төрөөс хатуу хяналт тавихгүй, сургуулиуд чанартай багш нар, чанартай хөтөлбөрийнхөө төлөө үйл ажиллагаа чиглүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа талаар салбарын сайд мэдээлэл өгсөн. Хүүхэд бүр их, дээд сургуульд суралцах шаардлагагүй тул мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, 12 жилийн боловсролын тогтолцоогоо бэхжүүлэхэд анхаарна гэлээ. 


    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төсөлд боловсролын салбарыг улс төржилтөөс ангид байлгах зохицуулалтыг орхигдуулсан байна гэдэг байр суурийг илэрхийлж, тодорхой тайлбар, тоон мэдээлэл хэлж байлаа. Академик эрх чөлөө, чөлөөт зах зээлд бүдүүлгээр халдсан хэд хэдэн заалт төсөлд байгааг, мөн төрийн захиргааны байгууллагуудын алдааг хуулиар засах гэдэг хандлага гаргаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал шүүмжилж байсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, С.Чинзориг нарын  заавал эзэмших боловсролын талаарх асуултад хариулахдаа, цөөн хүн амтай, геополитикийн онцлогоо харгалзсан ч Монгол Улсын иргэдийг боловсролтой, олон улсад өрсөлдөх чадвартай болгоход онцгойлон анхаарах нь оновчтой, бүр үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх бодлого хэмээн үзэж байгаагаа Л.Энх-Амгалан сайд хэллээ. Өнөөдрийн тоон мэдээгээр жил бүр 8-10 мянган хүүхэд есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцдаг. Тэд 2.5 жилийн хугацаанд ерөнхий боловсролын хөтөлбөрийн агуулгынхаа 40 хувийг, мэргэжлийн хөтөлбөрийнхөө 50 хувийг судалдаг. Ингээд судлах ёстой хөтөлбөрөө дутуу судалсан хүүхэд сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжгүй, насанд хүрэхээ хүлээж хагас жил болдог. Монгол Улсын хүн амынхаа тооноос үзэхэд ч жил бүр 8-10 мянган иргэнийхээ боловсролын асуудлыг дээрх байдлаар цалгардуулаад байж болохгүй. Тиймээс МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудыг дагасан төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах замаар хүүхэд, залуусынхаа мэдлэг, чадварыг төлөвшүүлж бэхжүүлэх боломжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, малчин болох байсан ч ерөнхий боловсрол эзэмшснийхээ хүрээнд менежерийн чадварт суралцсан байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. МСҮТ-д заавал 2.5 жил суралцах шаардлагагүй, 12 жил суралцсан хүүхэд 6-12 сар ямар нэг мэргэжлийн чиглэлээр тухайлан суралцаж, төгсөх боломжийг нээх нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг хийсэн гэж Л.Энх-Амгалан сайд хэллээ. Өөрийн хүүхдүүдийнхээ суурь боловсролд онцгой анхаарч, 12 жил өндөр төлбөр төлж сурган, гадаад хэл эзэмшүүлэх хэрнээ хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги дүүргэн,  МСҮТ-д  суралцаж болно гээд шийдвэр гаргаж болохгүй гэдэг байр суурийг Л.Энх-Амгалан сайд хэлж байсан. Монгол Улс ажиллах хүчин бэлтгэх гэхээс илүү иргэн нэг бүрийг боловсролтой, чадвартай болгох зорилт тавьж, холбогдох арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ёстой гэлээ. 

    Боловсролын салбар дахь асуудлуудын суурь шалтгаан нь багшийн цалин гэдэг байр суурийг Т.Доржханд гишүүн илэрхийлж байв. Багшийн цалин дундаж цалин, хөлснөөс 30 хувиар бага байгаа нөхцөлд чанартай багшлах боловсон хүчний асуудлыг ярих боломжгүй гэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дээд боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай болон боловсролын ерөнхий хуулийн төслүүдийг тус бүрд нь хэлэлцэх саналыг хэлж байв. Ерөнхийдөө мэдлэг, зарчим, хандлага дээр суурилсан зөв зарчимд суурилсан байгааг онцлоод, чадвартай, зөв хандлагатай, уламжлал, соёлоо мэддэг монгол хүүхдүүдийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. 


    Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхдийг хамруулж, сургуулийн өмнөх боловсролыг гурван жилд эзэмшүүлэх зохицуулалтын талаар С.Чинзориг гишүүн тодруулсан. Энэ нь олон улсын нийтлэг жишиг гэдэг тайлбарыг салбарын сайд өгөв. Хүүхдийн хөгжлийн алтан үе нь 0-2 нас гэж үздэг учраас эцэг, эхийн оролцоо нэн чухал гэв. Цаашид 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах нь чухал уу, эсвэл 5 настай хүүхдээ 100 хувь цэцэрлэгт хамруулах уу гэдэг сонголтод тулаад байгааг хэллээ. Сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн 20-30 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа, үүнээс үүдэн гарааны тэгш буй байдал үүсдэг гэв. Нэгдүгээр ангиасаа л сурлагын хоцрогдол эхэлдэг. Монгол Улсын тулгамдсан асуудлын ач холбогдлын эрэмбэ дарааллаар авч үзэх юм бол 5 настай хүүхдээ 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилтыг хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн гэв. Нөгөө талаар, 2 настай хүүхдийн асуудлыг шийдвэрлэх сонголтууд байгаа гэдэг тайлбар, мэдээлэл өгөв. Ясли, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ гэх сонголтууд байгаа, 2 настай хүүхдүүдийг хамруулах хувьсал зардал, цалинтай ээжийн зардал дээр хүүхдийн мөнгө гээд тооцохоор сард 300-350 орчим мянган төгрөгийн зардал гаргах боломжтой гэлээ. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Н.Алтанхуяг, Б.Баярсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.


    Сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын реформыг хийхээр талууд идэвхтэй хамтран ажилласан гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн төгсгөлд дурдав. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан томилогдсоноороо энэ ажлыг эрчимжүүлж, загварчлал гарган, эрдэмтэн судлаачдыг дайчилж, богино хугацаанд талуудын оролцоог бүрэн хангаж, чанартай ажилласнаар хуулийн сайн төслийг өргөн барьсан хэмээн хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Маш олон асуудал байгаа учраас бүх нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Боловсролын реформын хүрээнд зарчмын нэг асуудлыг тэмдэглэн онцолмоор байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал зууны эрин үед боловсролыг, тэр дундаа дээд боловсролыг бүх нийтийн болгох чиг хандлага хүчтэй өрнөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ “Дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн боловсрол болгох нь тус улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэж зарласан. Хамгийн либераль болох АНУ тэр чиглэл рүү явж байна. Европын бараг бүх улсын дээд боловсрол үнэ төлбөргүй. Энэ эрин зуунд дэлхийн өрсөлдөх чадвар боловсрол дээр тулгуурлаж байгаа. Нөгөө талаараа, боловсролд маш том дэвшил, боломжууд гарч байна. Тийм учраас Монгол Улсын дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн болговол дунд сургуулийн ачаалал буурч, их дээд сургуулийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Дэлхий нийтийн хандлага энэ чигт өөрчлөгдөж байна, тэгш боломжийг нийгэмд ийн бүрдүүлсэх нь нэн чухал гэдгийг боловсрол судлалын тэргүүлэх эрдэмтэд томьёолоод эхэлсэн. Үүн дээр академик эрх чөлөө, бусад орчныг бүрдүүлвэл манай багш нар, суралцагчид өндөр амжилт гаргах бололцоотой. Ийм том, хөдөлгүүр болсон реформыг хийж чадвал энэ нь бүрэн эрхээ хэрэгжүүлж буй энэ удаагийн Улсын Их Хурлын түүхэн шийдвэр байх болно гэж бодож байна. Энэ чиглэлээр манай эрдэмтэн судлаачид анхаарч, нарийвчлан судалж оролцвол нэн сайн байна” гэлээ. Мөн тэрбээр жижиг юм шиг атлаа нэн чухал, олон талын ач холбогдолтой саналуудыг гишүүд хэлж байгааг тэмдэглэж байв. Монгол хонины ноосыг боловсруулж, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байсныг тендэр нэрээр будилуулсаар одоо байхгүй болсон хэмээн шүүмжиллээ. “Маш олон жижиг асуудал энэхүү төслийн хүрээнд багтаж байна. “Чөтгөр детальд нуугдаж байдаг” гэдэг тул нэг бүрийг нь илрүүлж, шийдвэрлэхийн тулд зуны турш эрчимтэй бөгөөд идэвхтэй, цаг наргүй, завгүй ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна” хэмээн Г.Занданшатар дарга хэлсэн.

    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.


    Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн, хуулийн хугацаанд нь танилцуулж байгаагаа тэрбээр дурдсан. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэжээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.  

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр эдийн засаг жилийн эхний хагаст 9.7 хувиар агшсан бол эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төсвийн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн хагас жилд эдийн засгийн уналт саарч 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 хувиар агшсан байна. Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг агшиж, хил гаалийн нэвтрүүлэлт удааширч, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч, уул уурхай, бөөний худалдаа зэрэг голлох салбаруудын орлого тасалдсан үед ажлын байрыг хадгалах, ажил олгогчдыг дэмжих зорилгоор татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн нь төсвийн орлогын гүйцэтгэлд голлон нөлөө үзүүлснийг дурдсан. Түүнчлэн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь төсвийн зарлага, улмаар төсвийн алдагдал нэмэгдэх гол нөхцөл болжээ.


    Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.8 тэрбум төгрөг дутуу биелсэн бол нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа гэв. Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6^8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 647.5 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй, улсын төсвийн зарлага 10.7 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 917.6 тэрбум төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарсан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.9 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тайлагнагдаж байгааг Сангийн сайд танилцуулав.

    Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан: Уг тайланд нийт 78.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 42.7 их наяд төгрөгийн өр, төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 4.9 их наяд төгрөг, авлага 5.5 их наяд төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 10 их наяд төгрөг, үндсэн хөрөнгө 45.8 их наяд төгрөг тайлагнагджээ. Үндэсний аудитын газраас энэхүү тайланд “хязгаарлалттай” санал, дүгнэлтийг хэд хэдэн алдаа зөрчилтэй холбоотойгоор гаргажээ.   


    Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцуулсан.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар: Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас  уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэжээ.

    Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ийн 62.3 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн. Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.

    Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөр нийт 23 төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад баталсан 4 их наяд 118.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 330.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1347 төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. 

    Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд 11.2 хувь буюу 151 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байгаа юм байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой аж. Төсөв санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай гэжээ.


    Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар: Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 ТЕЗ-ийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн аж. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний дараах алдаа, зөрчил илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл болжээ.

•“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хууль, дагалдах журамд сангийн эх үүсвэрийг нөхөн бүрдүүлэх талаар тодорхой тусгаагүй нь чөлөөлөлтөөс үүссэн 642.6 тэрбум төгрөгийг НДЕГ бүртгэж, шийдвэрлэхэд хүндрэл үүссэнээс санхүүгийн тайланд тооцоо нийлж баталгаажуулаагүй авлага бүртгэсэн;

•Дамжуулан зээлийн 321.7 тэрбум төгрөгийг ашиглагч байгууллагууд санхүүгийн тайланд өр төлбөрөөр бүртгэж тайлагнаагүй;

•Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 1,146.7 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаас гарган Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд бий болох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, өр үүсгэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7-д заасантай нийцээгүй;

•Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй 297.8 тэрбум төгрөгийн төслийг гадаад зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

    Иймд дараах асуудалд анхаарлаа хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гамшгийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох; Засгийн газрын амлалтын шинж чанартай эдийн засгийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр, зарцуулалтыг төсвийн бүрэлдэхүүнд оруулан хуулиар батлах асуудлыг анхааралдаа авахыг уламжилж байгаа гэв.


    Дээрх аудитуудаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно. Төрийн аудитын байгууллага ковид цар тахлын нөхцөлд ажлын тусгай горим хэрэгжүүлэн аудитыг анх удаа цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан хийж гүйцэтгэжээ.

    Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.


    Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл