Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  2020-08-20 13:55  184


    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 00 минутад 54.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа 

    Эхлээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.  

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, тус төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах … эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлт аж. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь Эрүүгийн болон Иргэний хууль, Төсөв, Татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн байна.


    Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй  тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субьектив санаа зорилго агуулсан зохицуулалт болсон хэмээн үзсэн гэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв  нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд энэ зарчим хууль санаачлах эрхийн хүрээнд ч мөн адил үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл,  хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоохдоо тухайлсан байдлаар бус, тодруулбал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэсэн зохицуулалтын хүрээнд нийтлэг байдлаар тогтоох нь зөв юм.

    Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьжээ.


    Үргэлжлүүлэн холбогдох Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо 2020.08.18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Тус Байнгын хороо 2020.08.19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.


    Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийг танилцуулав. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Хуулийн хэлтсийн ахлах рефрент Г.Сувдаа нар иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Д.Мөнхбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав.

    Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хариулт өгч, тайлбар хийлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарын талаар яригдаж, одоо яригдаж байгаа заалт Үндсэн хуульд орсон. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай хуульд зохицуулалт оруулсан. Хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэхийг тодруулсан. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулахдаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн комисс ажилласан. Ингэхдээ хууль санаачлах эрхтэй субьектүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тогтоохоор зөвшилцсөн. Хоригийг хүлээж авбал Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Хууль, тогтоомжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарын асуудал хөндөгдөнө гэсэн агуулгаар хариуллаа.


    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хууль зүйн үндэслэлтэй тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ хоригийг хүлээж авсны дараа Улсын Их Хурал, Байнгын хороо хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа хэд хэдэн асуудлыг хамтатгаж шийдвэрлэх шаардлагатай хэмээн тодорхой саналыг гаргасан.

    Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Н.Энхболд, Д.Ганбат  нар үг хэлсэн.


    Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 53 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 79.4 хувь нь дэмжсэн юм.

9 зорилго, 47 зорилт бүхий хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.”гэж заасантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 5 жилээр төлөвлөж  хэрэгжүүлэхээр хуульчилсан.


    Зах зээлийн эдийн засагт шилжиж, нэгдсэн төлөвлөлт цаг үеэ өнгөрөөсөн гэж хэт туйлширснаас сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд бүс, салбар дундын уялдаа холбоо, залгамж шинж чанар алдагдаж, салбар салбарын хэмжээнд зөвхөн тухайн салбарын эрхлэх хүрээний асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулах чиг хандлага явж ирсэн нь бодлогын хувьд алдаатай байсныг эрдэмтэд судлаачид онцгойлон анхааруулж байгааг сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаж байсан зорилт, арга хэмжээнүүд нь хэт ерөнхий, шалгуур үзүүлэлтийг хэмжих боломжгүй, санхүү, эдийн засгийн тооцоололгүй, ялангуяа, техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөвгүйгээр төлөвлөгдөж байсныг цаашид өөрчлөх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигджээ.

    Дээр дурьдсан зайлшгүй шаардлага, өнөөгийн нөхцөл байдал, хууль зүйн шинэ зохицуулалтыг харгалзан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг үндэслэл болгон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр танилцуулж байгаа гэлээ.

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д нийцүүлэн боловсруулсан бөгөөд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” гэсэн 9 бүлгийн хүрээнд бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлон тусгасан байна.

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүү, төсвийн эх үүсвэртэй нь уялдуулан авч үзэж, холбогдох тооцоо, судалгаа бүхий Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр байхаар боловсруулж, хавсаргасан байна.

    Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, нийгэм, эдийн засагт урт, дунд хугацаанд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийг аль нам төрийн эрхийг барьж байгаагаас үл хамааран хэрэгжүүлэх, эхлүүлснээ үргэлжлүүлэх, үр шимийг нь ард түмэндээ хүртээх учиртай гэдгийг төслийн танилцуулгад тэмдэглэснийг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулав.

    Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд  санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн нийт 47.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөн тусгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх шаардлагатай 16.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 77 төсөл, арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээг хүрэх үр дүнг нь харгалзан тусгасан байна.

    Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл бүрдэхээс бөгөөд ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.77, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын цэвэр жинг 89.4, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 95.9, хүн амын дундаж наслалтыг 74, ядуурлын түвшинг 20 хувь, өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 58, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засгийн хөгжлийн үзүүлэлтийг 0.64, гол нэр, төрлийн шатахууны хэрэгцээг Евро 5 стандартад нийцүүлэн дотоодоос хангах хувийг 80 хувьд хүргэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлсэн гэдгийг Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан юм. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

    Улсын Их Хурал 2018 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийт 5 бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас 70 арга хэмжээ нь 100 хувь, 42 арга хэмжээ нь 70 хувь, 11 арга хэмжээ нь 40 хувийн биелэлттэй, 12 арга хэмжээ хэрэгжээгүй, нийт арга хэмжээг 76,9 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн бөгөөд тус арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 8.7 их наяд төгрөг төлөвлөсөн боловч 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөнтэй харьцуулахад 70,3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

    Макро эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжсэнээр эдийн засагт өсөлт гарч, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт өмнөх жилтэй харьцуулахад сайжирсан боловч санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөөг үндэслэлгүй хийсэн, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийсэн байна.

    Тогтоолын төслийн хавсралтыг Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн 9 зорилго, 47 зорилтын хүрээнд хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинг тодорхой болгон боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


    Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Оюутны хөгжлийн зээлийн талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад хариулахдаа, тэтгэлэгтэй холбоотой асуудал үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан гэлээ.  Тэтгэлэг олгох асуудлыг нээлттэй, ил тод явагдахгүй байгаа, түүнчлэн төрийн үйл ажиллагаанд үр өгөөжгүй гэдэг шүүмжлэл байдгийг залруулна. Эрдэмтэн судлаачид уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бүтээлч үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг долоон чиглэлийг манай улсын тэргүүлэх салбар хэмээн тодорхойлдог бөгөөд эдгээр салбарын инженерийн боловсон хүчнийг бэлтгэхэд гадаад, дотоодын сургалтын тэтгэлэг, зээл тусламжийг чиглүүлж, төгссөн даруйдаа улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах тогтолцоог бүрдүүлэхээр тусгагдсан гэлээ.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гишүүдийн асуултад хариулт өгөхдөө “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тодорхой хугацаагаар хойшилсон бөгөөд ТЭЗҮ-ийг энэ онд багтаан дуусгах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 1-2 жилийн дараа дуусна. Тэр үед үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хууль эрх зүйн орчны асуудалтай зэрэгцүүлэн шийдвэрлэх шаардлага бий” гэв. Түүнчлэн Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ үйлдвэр эхний ээлжинд 30 сая тонн нүүрсийг баяжуулах хүчин чадалтай. Одоогоор тус ордын коксжсон нүүрсийг борлуулагдаж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүнийг сорчлохгүй, бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэнэ гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгсөн. Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах чиглэлээр төр засгаас баримталж буй бодлого, хайгуулын ажлыг анхаарах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар Г.Тэмүүлэн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг нар бодлого төлөвлөлтийн бүтэц шаардлагатай гэдэг саналыг хэлж, төсөлд энэ асуудлыг тусгасан эсэхийг тодруулж байв. Ирэх 4 жилийн хугацаанд хөгжлийн бодлого төлөвлөлтийг хийх бүтэц байгуулах бэлтгэлийг хангах чиглэлээр ажиллаж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.

    Том төслүүдийн дийлэнх нь ТЭЗҮ боловсруулагдаагүй байгааг өөрчилж, үүн дээр дорвитой ажлуудыг хийхээр зорилт, арга хэмжээг үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Аливаа төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад хамгийн багадаа 1.5-2 жилийг зарцуулдаг бөгөөд сайн боловсруулагдсан ТЭЗҮ-ийг  ашиглан төслийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд нэлээдгүй ТЭЗҮ-ийг боловсруулна гэж тусгасан. Тухайлбал, нийслэл хаашаа тэлэх, дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх, орон сууцны хорооллуудын төлөвлөлт нь аж үйлдвэрийн парк болон томоохон төслүүдтэйгээ хэрхэн уялдах гэх зэргээр тус тусдаа ТЭЗҮ хийгдсэн байх ёстой байдаг. Үүн дээр тал бүрээсээ ач холбогдол өгч, Сангийн яамнаас төсвийн төсөлд холбогдох зардлуудыг тусгаад эхэлсэн. Цаашдаа зураг төсөв, ТЭЗҮ-ийг боловсруулсан төсөл, арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлдэг байх зарчмыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэлээ. Төсөлд иргэний нийгмийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэллээ. Авлига, хээл хахуультай тэмцэх чиглэлээр төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагын ил тод байдлыг хангах, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зорилт, арга хэмжээнд тусгах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, мэдээллийн эрх чөлөөний тухай асуудал, төр бизнесийн үйл ажиллагаанд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хязгаартай оролцох зэрэг асуудлыг тодорхой тусгах саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн нийтийн тээврийн асуудал тун чухал байтал үндсэн чиглэлийн төсөлд дээр тун ядмаг томъёололтой байна хэмээн шүүмжлэв. Таван жилийн үндсэн чиглэл хэмээх энэхүү баримт бичгийг анх удаа хэлэлцэн баталж байгааг Л.Энх-Амгалан гишүүн тэмдэглээд “Өдгөө 13 тэрбум ам.долларын эдийн засгийг таван жилийн дараа 23 тэрбум ам.долларт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 6520 ам.долларт хүргэх зэргээр том зорилтууд тавьж байгаа юм” гэж онцолсон. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар ажилгүйдэл бол боловсролын тогтолцооны гажуудлын илрэл гээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь ажилтай, орлоготой дундаж давхарыг тэлэх суурь хэмээсэн. Гишүүд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг шүүмжилж байлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ерөнхий боловсролын сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд анхаарч, өнөөдөр 40.5 байгаа ерөнхий боловсролын сургалтын чанарыг  60 хувьд хүргэхээр төлөвлөөд байгаа гэв. Их, дээд сургуулийн хувьд Засгийн газраас баталсан эрэлттэй мэргэжлийн жагсаалтын дагуух сургалт, үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ. Эрүүл мэндийн чанар, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилт арга хэмжээг төсөлд тусгасан бөгөөд зарим ажлыг эхлүүлээд байгаа талаар салбарын сайд нь мэдээлэл өглөө.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг үндсэн чиглэлийн зорилт бүр дээр том төслийг тухайлан тусгаж болох эсэхийг тодруулж хариулт авсан бол С.Батболд гишүүн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаатай болгож, менежмент хийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн мөнгө, хөрөнгөд зөв менежмент хийж эргэлтэд оруулан үр ашгийг өнөө үе хүртэж, үр хойчдоо үлдээх асуудлыг бодлогын түвшинд анхаарч, холбогдох баримт бичгүүдэд тусгах шаардлагын талаар санал хэлэв. Түүнчлэн төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих асуудлыг хэлэлцэж буй төсөлд тусгах, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулах шаардлагыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нийгэм эдийн засгийн зөвшилцөл, хамтын ажиллагааны механизмийг бүрдүүлэх талаар тодруулга хийж, хариулт авсан. О.Цогтгэрэл, Г.Амартүвшин, С.Ганбаатар нарын гишүүд үндсэн чиглэлийн төсөлд зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны талаар тусгасан хэмээн шүүмжилж, төр бизнесийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, бизнесийн талбар дахь төрийн оролцоог хязгаарлахтай холбоотой саналуудыг гаргаж, холбогдох тодруулгыг хийж хариулт авсан юм.

    Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой, орон сууцтай, эрүүл, боловсролтой байх асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв. Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн бодлогоо сууриас нь шинэчилж, малын чанар, үр өгөөжийг сайжруулах зорилтыг тавих нь зүйтэй гэж байв. Улс орныг хөгжүүлэх суурь нь иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол гэдгийг Ж.Ганбаатар гишүүн тэмдэглээд, иргэд ажилтай, орлоготой болсноор төрийн ачаалал харьцангуй хөнгөрнө гэдгийг хэллээ. Аж ахуй эрхлэх, бизнес хийхэд төрийн дэмжлэг хэрэгтэй, үүнтэй зэрэгцээд төрийн оролцоо хуулийнхаа хүрээнд хязгаарлалттай байх ёстой гэдэг саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг байгуулахтай холбоотой асуудлыг хөндөж байв. Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах төр засгийн шийдвэр гарсан ч хэрэгжээгүй байгаа гэдгийг тэмдэглээд дэд бүтэц бэлэн суурин газруудад их, дээд сургуулийн хотхоныг төвлөрүүлэх ажлыг хийх зорилтыг төсөлд тусгуулах санал гаргаж, ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлэхээ хэлсэн. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх, МСҮТ-ийн санхүүжилтийн механизмийг нээлттэй болгох шаардлагыг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын талаар М.Оюунчимэг гишүүн тайлбарлаад, энэ асуудлыг төсөлд тусгуулах саналаа илэрхийлсэн. Иргэд, олон нийтийн шийдвэрлэхийг хүлээсэн олон асуудлыг үндсэн чиглэлийн төсөлд тусгасан хэдий ч шүүх засаглалын бүх шатанд шударга ёсыг бэхжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэдийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар тусгах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн тайлбарлан, тодорхой санал гаргасан юм.  Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ц.Анандбазар нар боловсролын чанарыг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр дэх монгол хэлний сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахтай холбоотой саналууд хэллээ.  


    Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 39 нь 56.5 хувийн саналаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-20 20:32  184