Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр (2018.05.02) Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа уулзалтын эхэнд “Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцахаар өнөөдөр ажиллаж байна. 2017 онд сургуулийн статусыг өөрчлөх асуудлаар ирж ажиллаж байсан. Консерватори болсноос хойших ажлын төлөвлөгөөний талаар болон бодлогын баримт бичигт танай сургуультай холбоотой ямар асуудлыг хэрхэн тусгаж ажиллах талаар санал солилцох юм. Түүнчлэн боловсролын салбарын багц хуулийн төслүүд хэлэлцэгдэх гэж байна. Эрх зүйн орчны энэ өөрчлөлтөд мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг танай консерваторийн зүгээс ямар саналыг тусгах хүсэлтэй байгааг ярилцах нь зүйтэй” хэмээлээ.
Уран сайхны сургууль нэртэйгээр 1937 онд байгуулагдсан тус сургууль нь Монгол Улсын соёл урлагийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлд мэргэжлийн өндөр ур чадвар, боловсрол, уран бүтээлч ажлын дадлыг бүрэн эзмшсэн, хүн төрөлхтний соёлын өв-үнэт зүйлсийн тухай өргөн мэдлэгтэй, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой тэргүүлэх зэргэлэлийн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Консерваторийн захирал Х.Саранчимэг хүний нөөцийн бодлого, тэдгээрийн нийгмийн баталгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг үйл ажиллагааны онцлогийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.
Сонгодог болон ардын хөгжим, цирк, бүжгийн мэргэжлээр бага, дунд, дээд боловсрол олгох сургалт явуулж буй тус консерваторит өнөөдрийн байдлаар 177 үндсэн багш, 43 гэрээт багш, 47 цагийн багш ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь ОХУ, АНУ, Франц, Итали, Япон тэргүүтэй гадны орнуудын консерватори төгссөн байдаг байна. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байгаа талаар танилцуулгад дурдсан. Нийт 1041 хүүхэд мэргэжлийн урлагийн боловсрол эзэмшиж байгаа бөгөөд жилд дунджаар 50 гаруй мэргэжилтэн төгсдөг талаар мэдээлэл өгөв. Хөгжим бүжгийн коллеж байсан тус сургуулийн статус өөрчлөгдсөн. Дээд боловсрол олгох консерватори статустай болсноор эрх зүйн зохицуулалттай холбоотой бэрхшээл тулгарч байгааг консерваторийн удирдлагын зүгээс хэлж байв. Дээд боловсрол олгож буй сургуулиуд төлбөрөөр санхүүжих эрх зүйн зохицуулалттай байдаг бол 13-18 жилийн шаталсан сургалтаар мэргэжлийн гоцлол хөгжимчнийг бэлтгэдэг онцлогтой.
Тус консерватори Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд хөгжмийн дээд боловсролын бие даасан байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд оюутны жилийн төлбөр дунджаар 5.9 сая төгрөг байх тооцооллыг гаргасан байна. Энэ өртгөөр тус сургуулийн суралцагчид үргэлжлүүлэн суралцах боломж байхгүй, мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж ирсэн уламжлал тасрах эрсдэлтэй хэмээн тооцоолсон байна. Иймд гадаадын бүх консерваторийн жишгээр Монгол Улсын консерваторийг 100 хувь төрөөс санхүүжүүлэх байдлаар мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих хүсэлтээ танилцуулсан. Үүний зэрэгцээ консерваторийн сургалтын орчин, төсвийн зарцуулалт, шаардлагатай төсөв, санхүүжилтийн талаарх саналуудаа танилцууллаа. Мөн циркийн барилгын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцах тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Ундармаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны холбогдох албан тушаалтнууд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны мэргэжилтнүүд оролцсон бөгөөд одоо хэрэгжиж буй эрх зүйн орчны зохицуулалт, нөхцөл байдлын талаар тодруулсан. Мөн мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэж буй консерваторийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, Байнгын хорооны шийдвэрийн төслийн талаар ярилцав. Мөн циркийн тэнхимийн сургалт явуулж буй барилгын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.