УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван нэгэн асуудал хэлэлцэв

  2017-01-12 09:42  396

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг сонссон бөгөөд үргэлжлүүлээд Хууль зүйн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан төслөөс уг хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй нийцүүлж хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан нар асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Гишүүд согтуугаар автомашин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй, баталсан хуулиа зөрчихгүй мөрдөх шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.

Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Мөн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хийв. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар завсарлага авсан учир хэлэлцүүлгийг хойшлуулсан. Завсарлагын хугацаа энэ өдөр дууссан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй учир төсөл санаачлагчид нь буцаалаа.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил одоог хүртэл бүрэн хангагдаагүй байна. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хууль, бусад хуулиуд, зохих дүрэм, журам, зааврууд батлагдаагүй, энэ хуулийг хэрэгжүүлэх алба хаагчдад зориулсан сургалт болон хуулийн үзэл баримтлал, агуулгыг олон нийтэд таниулах сурталчилгааны ажлууд бүрэн хийгдээгүй, мөн зарим төрлийн ялыг хэрэгжүүлэх эдийн засаг, дэд бүтэц, техникийн нөхцөл бүрдээгүй зэрэг үндэслэлээр Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, "ялтай байдал", “онц аюултай гэмт хэрэгтэн”, “давтан” гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нилээд туссан.

Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гэм буруугаа ухамсарласан, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг 6 сараас гэснийг 1 сараас гэж болгох боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих боломжтой талаар, УИХ-ын гишүүн Н.Учрал нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг шинээр томьёолсон талаар болон гэрээ, хэлцэл хийгээд гэрээнийхээ үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учруулсан бол гэснийг гэмт хэрэгт тооцохоо больсоноос гарах үр дагаварын талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү бусдыг хамгаалах зорилгоор иргэний үүргээ биелүүлж аргагүй хамгаалалт хэрэглэсэн бол гэмт хэрэгтэн болох эсэх, гэмт хэрэг хийсэн, хийгээгүй гэснийг тодорхойлдог болох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргаж байсан болно гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд торгуулын нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх байсныг 1000 төгрөгтэй тэнцэх болгож өөрчилсөн үндэслэл, шалтгаан болон ялын бодлогыг хөнгөрүүлэх чиглэл барьсан нь ямар судалгаан дээр суурилсан талаар, мөн хуулийн этгээдтэй холбоотой хариуцлагын өөрчлөлт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь хорих, торгох гэсэн сонгох санкцитай байгааг анхаарах хэрэгтэй гэсэн саналыг байнгын хорооны хуралдааны үеэр гаргажээ. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, Я.Содбаатар, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Д.Тогтохсүрэн нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй буюу энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй, харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй аж. Дээрх шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан гэдгийг салбарын сайд дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, хариуцлагыг ялгамжтай оногдуулах тогтолцоог бүрдүүлж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаардлагад тулгуурласан, Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулах алхам хийгдсэн зэрэг нь дэвшилттэй боловч ойлгомжгүй асуудлууд үүссэн байна. Үүнд:

- Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ зарим харилцан адилгүй зөрчлийн шинжүүдийг нэгтгэн нэг зүйл, хэсэгт томьёолсон нь хууль хэрэгжүүлэгч субъектүүдийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн.

- Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан нь тухайн үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн аль нь болохыг шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож, хууль ёсны зарчмыг гажуудуулж байна.

Иймд уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ, Зөрчлийн тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалтыг тусгажээ гэж байлаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тэрбээр байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Н.Учрал, О.Батнасан нар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, хууль хоорондын алдаа хийдэл гаргахгүй байх, зарим зөрчлийг хуулийн зохицуулалтгүй орхигдуулахгүй байх талаар хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн уялдаа холбоог хангах үүднээс тус хуулиудын ажлын хэсгийг нэг гишүүнээр ахлуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийллээ. Үүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Дараа нь УИХ-ын гишүүн М.Билэгт нэр бүхий есөн гишүүний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 2003 оны 11 дүгээр сарын 7-нд батлагдаж 2013 оны 7-р сарын 5-ны өдөр УИХ-аар шинэчлэн найруулагдаж батлагдсан. Дээрх хуулийг хэрэгжүүлснээр архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон иргэдийг түр саатуулан нийгмийн хэв журмыг сахиулж байгаа юм.

Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулж байна.

Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харъяанд байлгах, саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчилэн найруулсан болно гэж байлаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль санаачлагч хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэхүү үйл ажиллагаанд оролцогч иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангаж, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын нийт 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу нэгтгэн нэг төсөл болгох асуудлыг анхны хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэхээр тогтсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асуусан юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Уг хуулийн төслөөр эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллах юм байна. Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар тус тус тусгасан гэж байв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ. Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдлаа.

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

    Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн юм. Төслийн үзэл баримтлалд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас жил бүр батладаг байсныг өөрчилж, УИХ, Засгийн газрын чиг үүргийг хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой болгох, банк хараат бус бизнесийн шийдвэрээ гаргах, санхүүгийн үр ашигтай ажиллахад эрх зүйн зарим зохицуулалт дутмаг байсныг улмаас төсвийн тогтвортой байдал, өрийн удирдлагын түвшинд зарим нэг хүндрэл бий болсныг арилгах, банкны үйл ажиллагаанд баримтлах, шаардлага, шалгуур үзүүлэлт, хязгаарлалтын хэм хэмжээг тогтоох зэрэг шинэ зохицуулалтыг тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

    Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Н.Цэрэнбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Цэрэнбат, Я.Содбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Иймд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

    Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

    Хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...” эрхийг баталгаатай эдлэхээр заасан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна гэж онцлов. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна гэдгийг онцолж байв. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байна хэмээн хууль санаачлагч үзжээ.

    Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тус байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлд цалин хөлсний хэмжээг хөдөлмөрийн хөлсний дооод хэмжээнээс багагүй байхаар тогтоох, цагаар ажиллах буюу тодорхой ажлыг гүйцэтгэж, зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацааг гурван сараас илүүгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Иймд байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэж байв.

    Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Гарамжав нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Амарзаяа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд уг хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газраас санал авсан эсэх, ажил олгогчийг торгох мөнгөн дүн өндөр байгаа талаар тодруулж байв. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, хуулийн төслийн талаар Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагуудаас санал авсан. Ер нь ажил олгогч ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэл, болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх ёстой. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000- 10000000 төгрөгөөр торгохоор оруулсан. Гэхдээ хэлэлцэх явцдаа мөнгөн дүнг өөрчилж болно гэж хариулж байлаа.

    Иймд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав.

    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

    Мөн хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан гэж байлаа.
    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч буй аж. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Тус байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох асуудлыг нэг мөр болгох, цэргийн алба хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нэмэгдэх, хүүхдийн нийгмийн батлагаа сайжрах, цэргийн тэтгэвэр тогтоох, олгох ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн тохиолдолд гарах үйл ажиллалагааны зардлыг тусгах, энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.

    Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Иймд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

    Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
    хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав.

    Салбарын сайд танилцуулгадаа, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан.

    Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна гэдгийг онцлов.

    Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна.

    Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах аж. Хуулийн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Мөн иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна.

    Түүнчлэн Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг танилцуулав. Тус байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж хууль санаачлагч үзсэн байна.

    Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа. Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд хог хаягдлыг баялаг болгох хэрэгтэйг сануулахын зэрэгцээ аюултай хог хаягдал хэдэн тонн хүрээд байгааг тодруулсан юм.

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, аюултай хог хаягдлыг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогдсон. Энэ хуулийн гол зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үздэг болох тэр сэтгэхүйг нийгэмд төрүүлэхэд чиглэсэн гэж хариулж байв.

    Үүний дараа уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


      2017-01-13 09:42  396