УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 34 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн зарим заалтыг нягтлах, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн болохыг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөл дэх харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байх тухай заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцсэн. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан болно.
Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцсон байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Л.Болд, Я.Содбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан.
Үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээний саналыг холбогдох хуулийн дагуу салдбарын яамд боловсруулан Сангийн яаманд хүргүүлдэг байна. Энэ жилийн Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад 34 их наяд төгрөгийн өртөг бүхий 400 гаруй арга хэмжээний санал, жагсаалт ирсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байв. Эдгээрийг шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан үзэж Сангийн яам нэгтгэн, төслийг эцэслэн боловсруулдаг гэлээ. Монгол Улс бизнес орчны индексээр 190 орноос 74-т, хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, өрсөлдөх чадварын индексээр 137 орноос 101-т эрэмбэлэгдэж байгааг мөн тэрбээр хэлсэн.
Ипотекийн зээл олголтын талаар тодруулсан гишүүдийн асуултад салбарын сайд Х.Баделхан хариулт өгсөн. Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах сонирхол бүхий 43.000 иргэн бий гэдэг дүн гарчээ. Нийлүүлэх бэлэн орон сууцууд ч бэлэн байгаа, харин хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий гэлээ. 2019 онд ипотекийн зээлийг төсвөөс 116 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан. 2020 оны Үндсэн чиглэлийн төсөлд Барилга, хот байгуулалтын яамнаас нийт 12.000 иргэнийг ипотекийн зээлд хамруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг хүргүүлжээ. Харин төсөлд 60 тэрбум төгрөг байхаар тусгасан тул хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдийг уг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодруулахад инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөвт энэ чиглэлээр санхүүжилт, хөрөнгө оруулалт тусгагдаагүй гэдгийг Х.Баделхан сайд мэдээллээ. 2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанкнаас 170 тэрбум төгрөгийг 2500 орчим иргэнд олгох хүлээлттэй байгаа талаар Төв банк мэдээллээ. Энэ онд ипотекийн зээлийг нийтдээ 460 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд эко шийдэл бүхий 120 м2-аас дээшгүй талбай бүхий амины орон сууцыг 60 сая төгрөгийн зээлд хамруулахаар холбогдох шийдвэр гарсан байгаа юм байна. Түүнчлэн нийт санхүүжилтийн 30 хувийг орон нутагт олгох зохицуулалттай байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас тайлбарлав. Ипотекийн зээлийн талаар гишүүдийн асуултад Сангийн сайд нэмэлт тайлбар өгсөн. 2019 онд шинээр баталсан татварын багц хуульд орон сууц худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлтийг 6 сая төгрөг болгосон, арилжааны банкны зээлээр худалдан авсан орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг төлсөн татвараараа буцааж авах шинэ зохицуулалтыг тусгасан байгааг тайлбарлаж байв. Энэ шийдлээр санхүүжилтийн тодорхой хувийг шийдэх хүлээлттэй байсны зэрэгцээ зах зээлийн зарчмаар ипотекийн зээл олгох үйл ажиллагаа тогтворжсон тохиолдолд энэ чиглэлэд хөрөнгө оруулалт хийх сан олон байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнтэй байсан гэдгийг салбарын сайд С.Чинзориг тоон дүн мэдээлэл дурдан мэдээллээ. Түүнчлэн 2019 онд анх удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд гадаадаас авах ажиллах хүчний тоо, хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа гэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэх зохицуулалттай бөгөөд 2019 онд 320 мянган төгрөгөөр тогтоосон бол 2020 онд 420 мянган төгрөг болгон Засгийн газар шийдвэрлэсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа.
Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн талаар Ч.Улаан сайд мэдээлэл өгсөн юм. 2018 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 40 гаруй үйлдвэр ашиглалтад орсны 21 нь шинээр байгуулагдсан байна. Дээрх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь хувийн хөрөнгө оруулалт буюу гадаад эх үүсвэрээс төлөвлөгдсөн байгаа аж. Төвлөрсөн суурин газруудын махны хэрэгцээг хангах нөөц бүрдүүлэх чиглэлээр Үндсэн чиглэлийн төсөлд тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан бөгөөд 2019 онд багадаа 10.000 тн махыг нөөцлөх зорилготой ажиллаж байгаа гэлээ. 2018 онд харьцангуй бага хэмжээний мах нөөцөлсөн тул өнөөдрийн байдлаар өдөр тутмын хэрэглээний 30 орчим хувийг нөөцийн мах хангаж байгаа гэлээ. Үнийн хувьд зах зээлийн үнээс 20-25 хувь хямд байгаа, цаашид нөөцийн махны нийлүүлэлтийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Валютын ханшийн талаарх асуултад Монголбанк хариулт өгөв. Энэ оны байдлаар валютын ханш харьцангуй тогтвортой байгаа бөгөөд эхний 5 сарын байдлаар 775 сая ам.долларыг Төв банкнаас зах зээлд нийлүүлжээ. Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 219 сая ам.долларын ашигтай, экспортын өсөлт сайн, импорт тогтворжин өсөлт саарах төлөвтэй байгаа гэв. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд арилжааны банкуудын зээлийн өсөлт буурч байгаа аж. Иргэдийн зээлийн өсөлт 2019 он гарсаар огцом буурчээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэллээ. Сүүлийн 3 жилд улсын эдийн засаг сайжирч байгааг тэрбээр тэмдэглээд хөгжлийн бодлогын баримт бичиг, хөгжлийн төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулав.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.
Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа өнөөгийн нөхцөлд автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэрлэлт, уул уурхайн тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашин үйлдвэрлэл, тээвэр зуучийн үйлчилгээ, тээврийн даатгал, салбарын бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулж, салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага гарсныг тэрбээр танилцуулгад дурдав. Түүнчлэн автотээврийн хэрэгслийг шинээр угсарч, үйлдвэрлэж байгаа хэдий ч автомашин үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуурамч сэлбэг хэрэгслийг улсын хилээр оруулах, засвар үйлчилгээг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд явуулж буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор авто үйлчилгээ эрхлэгчийг тодорхойлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүсчээ.
Уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах, нийтийн зорчигч тээврийн асуудал, ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсч байгаатай холбоотойгоор автотээврийн хэрэгслийн тоо өсч буй зэргээс үүдэн автотээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах үр дүн гарна гэж тооцож байна. Тухайлбал, автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах зэрэг үйлдвэрлэл хөгжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм байна. Ачаа, зорчигч тээвэрт тавигдах шаардлага, нөхцөлийг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлснээр иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болохын зэрэгцээ тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирч, тээврийн дэд бүтэц, тээврийн ажил, үйлчилгээний чанар хүртээмж нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцнэ.
Автотээврийн хэрэгсэл түүний засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл, бүртгэлд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулж, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр агаарын бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна.
Автотээврийн салбарын хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдэл арилж, зохицуулалтгүй байгаа болон ирээдүйд үүсч болох харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэн хуулийн хэрэгжилтийн үр нөлөө сайжирна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тодруулга хийлээ. Одоо хэрэгжиж буй хуульд авто тээврийн дэд бүтцийн талаар ямар ч зохицуулалт тусгагдаагүй байдаг, харин төсөлд тусгасан байна. Түүнчлэн зам тээврийн ослыг шинжлэн шалгадаг тогтолцоог бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орон нутагт авто тээврийн талаарх тодорхой эрх хэмжээг шилжүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд шинээр тусгасан болохыг ажлын хэсэг тайлбарлав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслүүдийг хэлэлцэхээ дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн УИХ-ын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцаа нь өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын шинжтэй 100 гаруй хуулиар зохицуулагддаг байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Гэсэн ч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж 2016 оны байдлаар улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Иймд УИХ-ын нэр бүхий 22 гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болгох, зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулахыг хуульчлах, цэгцтэй тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулах төслийг санаачлан боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан тодруулга хийж С.Бямбацогт гишүүнээс хариулт авсан юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Төрийн албаны хүнд суртлыг багасгах, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг тэрбээр илтгэлийнхээ эхэнд хэллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.
Зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг цөөлж, шат дараалал дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төслүүдийг боловсруулсан байна. Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэн 8 бүлэг 30 зүйлтэй төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл, түүний ангилал, бүртгэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох үндэслэл, журмыг тогтоосон байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуув. Иргэд, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсвэл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болох бодлогын томоохон өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд тусгажээ. Тодруулбал, хуулиар хориглоогүй л бол аливаа төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж байгаа бол Засгийн газрын төсөл үүнтэй нийцэх эсэхийг лавласан. Засгийн газрын зүгээс зөвшөөрлийн жагсаалтыг баталж, гурван жил тутамд тооллого явуулах зохицуулалтыг төсөлдөө тусгасан байна. Тооллогын явцад хууль зөрчиж байгаа, шаардлагагүй зөвшөөрлийн тухай асуудлыг тухай бүр цэгцлэх боломжтой гэж үзжээ. Мөн зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, тоог мэдээллийн нэгдсэн сангаар зохицуулах юм байна. УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл санаа, зохицуулалтууд 70 орчим хувь нь нийцэж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав. Иймд УИХ төслүүдийг нэгтгэн хэлэлцэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна гэлээ.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.