“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

  2022-05-19 20:35  294


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.05.19) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан. 

    Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилуулгадаа дурдав.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. 



    Гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах бодит шалтгааныг илүүтэй тодруулахад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах биш хугацааг нь сунгаж байгаа гэдгийг хариултдаа тодотгоод хуулийн төсөлд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “2022 оны 6 дугаар сарын 30-ны” гэснийг “2023 оны 6 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсүгэй” гэж тусгасныг дурдсан. 

    Мөн Сангийн сайд Б.Жавхлан, банкны салбарын шинэчлэлийг чанартай хийхийг чухалчилж байна. Олон улсын санхүүгийн байгууллагын зүгээс арилжааны банкуудад шалгалт хийгээд блансынх нь бодит байдал, эрсдэлийг нь үнэлж гаргаад хөрөнгө оруулагч нарт санал болгох шаардлагыг тавьсан. Хэрэв Монголбанкнаас арилжааны банкуудад активын шалгалтыг нь 06 дугаар сарын 30-наас өмнө хийсэн байсан бол өнөөдөр хугацаа сунгах шаардлага байхгүй. Бид шинэчлэл хийх гэж байна гээд зах зээл, хөрөнгө оруулагч нараа хуурч болохгүй гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

    Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ нар эдийн засаг хүнд энэ цаг үед банкны салбарын чухал асуудал хэлэлцэж байхад Монголбанкны ерөнхийлөгч хүрэлцэн ирэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байлаа. Ингээд хуралдаан даргалагчийн зүгээс гишүүдийн саналыг үндэслэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл хойшлуулав.



“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. 

    Энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав.

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын даргаас хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тогтоолын төсөлд тодорхой тусгах гүйцээн боловсруулах чиглэл өгч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн тус асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Байнгын хороонд буцаасан билээ. Төсөл санаачлагчид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд албан бичгээр ирүүлсэн.


    

    Байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг тогтоосон саналыг нэг бүрчлэн хэлэлцэн дэмжсэн гэдийг С.Ганбаатар гишүүн танилцуулгадаа дурдав.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр,  тогтоолын төсөлд хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн; хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ; эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ гэсэн чиглэлээр хүрээ хязгаарыг тогтоосон байна. Үүн дээр эмийн үнийн бодлогыг нэмж тусгах саналтай байгаагаа илэрхийлээд Байнгын хорооны зүгээс анхааралдаа авахыг хүссэн. 

    Ингээд  Байнгын хорооны саналаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.2 хувь нь  дэмжлээ.



Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж эхэллээ

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

    Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар тус тус танилцуулав.

    Банк бус санхүүгийн салбар нь 2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 Банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3,976 ажилтантайгаар Монгол Улсын 21 аймаг, 8 дүүрэгт давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өссөн байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь анх зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд батлагдснаас хойш нийт есөн удаа бусад хууль тогтоомжийн нийцэлтэй уялдуулан нэмэлт, өөрчлөлт орсон гэв.



Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдож байна. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг өргөнөөр нэвтэрч байгаа бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 28 Банк бус санхүүгийн байгууллага нь  финтек зээлийн бүтээгдэхүүн гарган ард иргэдэд хүргэж байна. Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал энэхүү банк бус санхүүгийн салбарт тулгараад байгааг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагаанд нэн тааламжтай орчинг бий болгох, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.



    Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар;

    1.ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ;

    2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно;

    3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно;

    4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно;

    5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжирна;

    6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.  

    Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Технологийн эрин үед банк бус санхүүгийн байгууллагууд нь санхүүгийн зах зээлд технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдэд хүргэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оролцогчдыг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх, зохицуулагч байгууллагын эрх, үүргийг оновчтой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн салбарын зээлийн хүү буурах, давхардсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалт тодорхой болох, холбогдох төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа сайжрах, улмаар нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулгадаа дурдаад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувиар дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.



    Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Өнөрболор, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 5.5 дугаар заалтад “Шашны  болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно” гэсэн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.2-т “Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн байсан. Гэтэл хуулийн төсөлд улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг хассанаар улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд банк бус санхүүгийн байгууллага байгуулах эрх нь нээгдэж буй нь байж боломжгүй асуудал гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, төсвөөс санхүүждэг байгууллагууд банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Гадаадаас Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэг байгууллагад зориулж хуулиа өөрчилж болохгүй. Нөгөө талаас төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын чадавх, нэр хүнд, үйл ажиллагааны талаарх маргаантай асуудал их байхад банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиар зөвшөөрвөл мөнгө иддэг, завшдаг нүх нээгдэж магадгүй  гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

    Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар банк бус санхүүгийн байгууллагын хүү хэдэн хувиар, хэрхэн бууруулахыг илүүтэй лавлахын зэрэгцээ Хадгаламж зээлийн хоршооны  түүхийг давтахгүйн тулд ямар зохицуулалт тусгасныг лавлаж байлаа.



    Төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг хариултдаа, банкнаас зээл авах шалгуур өндөр байгаа тул иргэд банк бус санхүүгийн байгууллагаас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна гэсэн шүүмжлэл байгаа нь үнэн.  2021 оны жилийн дунджаар авч үзэхэд 12,9 хувийн хүүтэйгээр 139 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Бид банк бус санхүүгийн байгууллагыг олон талт санхүүгийн үйлчилгээтэй болгох, хөрөнгийн удирдлагыг бий болгох, мэргэшүүлж институт болгосноор энэ хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын хүү буурна гэж үзэж байна гэв. 

    Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн бүтцийг судалж үзэхэд хүүгийн зардлын 42 хувийг үйл ажиллагааны, 32.6 хувь нь эрсдэлийн зардал эзэлж байна. Уг байгууллагуудын зээлийн хэмжээ бага учир нэг зээлд оногдох үйл ажиллагааны зардал өндөртэй байна гэж хариулж байлаа. Мөн тэрбээр хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөтэй. УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолд анх удаа Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг банк бус санхүүгийн байгууллагуудыг оруулж, зээлийн хүүг үе шаттайгаар буулгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашдаа банк бус байгууллагын засаглалыг сайжруулах, шүүх хяналтын байгууллагаар явах үйл ажиллагааны зардлыг бууруулах, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаснаар үйл ажиллагааны зардал буурна. Энэ хүрээнд зээлийн хүү буурна гэж тооцож байна гэлээ.

    Мөн Ажлын хэсгийн зүгээс Хадгаламж зээлийн хоршоо гишүүдээсээ тодорхой хэмжээний хадгаламж татаад гишүүддээ чиглэсэн зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол банк бус санхүүгийн байгууллага зөвхөн өөрийн хөрөнгөөр бусдад зээл болон санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдгээрээ ялгаатай. Одоо банк бус санхүүгийн байгууллагын нийт олгож байгаа зээлийнх нь 67-68 хувь нь өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө. Үлдсэн 30 орчим хувь нь итгэлцэл, хаалттай өрийн бичиг болон бусад эх үүсвэрээс татсан хөрөнгөнөөс зээл олгож байна. Тиймээс өөрийн хөрөнгөөр зээл, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас хадгаламж зээлийн хоршооноос ялгаатай гэж байлаа.  

    Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2022-05-19 20:03  294