"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 41 дэх дугаарын тойм

  2014-11-03 00:00  272

   “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 41 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Үүнд, төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах, шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, мөн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох, инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжүүлэх, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх заалт нэмсэн байна.

Эмхэтгэлийн мөн дугаарт, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлэх, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах төсвийн төлөвлөлтийн талаарх бүрэн эрхийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх ажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор, концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор, концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор зэрэг заалтыг Шилэн дансны тухай хуульд нэмэлтээр оруулжээ.

Эмхэтгэлд, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

Үүнээс гадна “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Энэ тогтоолоор, Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь-Эрэдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 09:49  272