АБГББХ: Арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

  2020-04-22 17:36  529


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаан 11 цаг 28 минутад эхэлж, арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 
    Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 10 дугаар 11-ний өдөр ирүүлсэн Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

    Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий Хөтөлбөрийг 2015 онд  байгуулсан бөгөөд энэ хүрээнд 65 сая еврогийн санхүүжилтийг Европын холбооноос олгохоор болсон. Хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар нийт гурван төсөл хэрэгжүүлсэн бөгөөд буцалтгүй тусламжийн үлдсэн хэсэг болох 50.8  сая орчим еврог төсвийн  дэмжлэг болон текникийн туслалцаа хэлбэрээр авахаар талууд тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Түүнчлэн тэрбээр, Европын Холбоотой хэрэгжүүлж байгаа хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслөөр үйлчлэх түншлэгч орнуудын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцээр нь  Европын Холбооны жишиг хэлэлцээр бөгөөд тус холбооноос тусламж олгож буй орнуудтай байгуулдаг. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн  болон бусад татварыг чөлөөлөх явдал гэж байлаа. 

   Уг асуудлыг УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэн. 

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаан Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв. 

    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. 


    Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагуудыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол" сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хариуцан ажиллаж байгааг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцоллоо. 

    Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний харьцангуй бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах, орчин үед цахим кибер хандлага хурдтай өсөн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болсон гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Монгол Улсын Засгийн 2019 оны 187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна. Мөн 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулсан бөгөөд ингэснээр цэргийн барилга, инженерийн анги, нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж үйл ажиллагаа хуулиар баталгаажна гэдгийг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцолсон. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнууд кибер орон зайг бие даасан талбар гэж үзээд кибер цэрэг, армийг бүрдүүлж бодлогын түвшинд анхаардаг болсныг онцолж байлаа. Монгол Улсын хувьд кибер орон зайгаа хамгаалах, эрх зүйн үндсийг бий болгох,  улс орны нийгэм, эдийн засгийн  бүх салбарыг кибер довтолгооноос хамгаалах, аюулгүй байдлыг сахихад бодлогын арга хэмжээ авах, цаашдаа  төрлийн цэргийн түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлэв. Түүнчлэн улс орны эдийн засагт чухал үүрэгтэй барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, бие даасан төрлийн цэрэг болгох нь чухал гэж байлаа.

    Ингээд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хилийн чанад дахь монгол иргэдийн судалгаагаар /2019 оны байдлаар/ Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт оршин сууж байгаа монгол иргэдийн 65 орчим хувь нь тус улсад 5-25 жил амьдарч, оршин суух эрх авсан байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж энэхүү хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулаад байгааг онцоллоо. 

    Хэлэлцээрийг соёрхон баталснаар Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг хүндрэлийг шийдвэрлэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын иргэд гадаадад олноор ажиллаж, амьдарч байгаа улс орнуудын жагсаалтын талаар судалгаа гаргасан эсэхийг тодруулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.  

   Монгол Улсын Засгийн газраас гадаадад оршин сууж байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлдэг улсуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийг байгуулан ажиллаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцлоод одоогоор БНСУ, Польш, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээ байгуулсан бол ОХУ, Казакстан улстай хамтран ажиллах хэлэлцээр хийж байна гэж байлаа. 

    Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.   Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 

    Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтыг 2019 онд шинэчилж, нийт хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувь бууруулахаар  тодорхойлсон.  Тус сан жил бүр 100 тэрбум ам. долларыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс нийт 10.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг  бүрдүүлээд байна. Монгол Улсын хувьд 2020 оны эхний улирлын байдлаар тус сангаар нийт 7 хөрөнгө оруулалтын төсөл батлуулсны дотор ногоон зээлийн сан байгуулах төсөл зэрэг багтсан төдийгүй түүнчлэн бэлэн байдлын хөтөлбөрийн хүрээнд 6 төсөл хэрэгжиж, 2 төслийн санал батлуулахаар хүргүүлээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 


    Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр"-ийг батлах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын 2019 оны 135 дугаар захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зуран баталгаажуулаад байгаа аж.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, Н.Оюундарь нар асуулт асууж, үг хэлсний дараа уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

    Хуралдаан Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

    Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр, уг хэлэлцээр байгуулах ажил 2016 оноос эхэлснийг тодотгоод 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсныг онцлов. 

    Соёрхон батлуулах гэж буй “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр" нь 21 зүйлтэй аж. 2019 оны байдлаар Макаод Монгол Улсын 12 иргэн ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх гэж танилуулгад дурдсан байлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

    Үргэлжлүүлэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 



    “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон. Үүний дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Вьетнам Улсын 1 иргэн ял эдэлж байна. Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй болно, мөн,Вьетнам Улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв

    Коронавирусын цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэн яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг хэлэлцлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүний өвчлөл бүртгэгдэж, манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.   

    Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ. 

    Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ. 


    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах үеэр тодорхой саналуудыг хүргүүлэх, төслийн зарим зүйл, заалтыг засч сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, цар тахлын улмаас орон гэргүй болсон иргэдийг орон байр, хоол хүнс, ундны усаар хэрхэн хангах, хүнсний талон өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. 

   Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;” гэж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.3.1-д “Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдпыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно.” гэж, 4.1.2-т "Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ.” гэж тус тус заасныг төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа онцолсон. 

    Мөн тэрбээр, дэлхий даяар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тухай Улсын Их Хурлын захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барилаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байгааг дурдав. 

    Коронавируст халдварын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна. Дээр дурдсан нөхцөл байдалд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна. Иймд шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  асуулт асууж, хариулт авсны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 



    Үргэлжлүүлэн соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус тус танилцууллаа.  Тухайлбал, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

    Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэх ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд  нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхийн “Монгол Улсад COVID19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр бэлэн болсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

    Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

    Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах  хүрээнд    Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой комиссын коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу араг хэмжээний хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор  300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан  "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг  байгуулаад  байгаа аж

    Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн. 

    Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг АХБ-нд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохироод байна. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний  алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ. Тус төслийг ойрын хугацаанд хугацаа алдалгүй батлуулан, хэрэгжүүлж эхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг байгуулаад байгаа талаар Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

    Соёрхон батлах тухай дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүд олонх тус тус дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2020-04-22 17:02  529