Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив

  2020-08-27 11:12  243

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлн” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан гэв.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос: “Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих”, “Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчлэх”, “Даланзадгад суманд 50 МВт дулааны станц хувийн хөрөнгө оруулалтаар барих” “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөлд “Дундговь аймгийг нэмэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос: “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлсэн байх,” “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төвүүд”-ийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байх”, “Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгож хөгжүүлэх зэрэг төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна. 

Нийгмийн бодлогын байнгын хорооноос: “Орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах”, “Иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх”, “Иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээл, ядууралд өртөх хувь түвшинг бууруулах зэрэг саналыг дэмжсэн байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооноос: “XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байх”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулж эхэлсэн байх”, “Төрийн үйлчилгээний чанар, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэдийн гомдлыг хүлээн авч, тусгай журмын дагуу шуурхай шийдвэрлэдэг гурван талт механизмыг бий болгон, үр дүнтэй ажиллуулж эхэлсэн байх”, “Хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг таслан зогсоох чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байнх зэрэг саналуудыг топгоолын төслийн хавсралтад тусгахаар дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооноос: “Хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэх”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгах”, “Гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлэх” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос: “Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх,” “Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах”, “Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай болох” зэрэг саналыг тогтоолын хавсралтад тусгахаар санал дүгнэлтдээ тусгасан байна.

Төсвийн байнгын хорооноос: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх саналыг тогтоолын төслийн хавсралтад тусгахыг дэмжсэн байна.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга, харицлагын байнгын хороод уг төсөлтэй холбоотой тусгайлсан санал гаргаагүй аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18-д “... ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Байнгын хороодоос ирүүлсэн зарим санал давхацсан тул тухайн саналаар санал хураалт явуулаагүй болохыг санал, дүгнэлтэд дурдав.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 118 саналыг нэгбүрчлэн танилцуулж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төсөлд “2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухай жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр хавсралтын “Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн 2.4 дэх зорилтод “Хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна” гэсэн заалт нэмэхийг, 2.1 дэх зорилтыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Мөн хавсралтын “Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн 4.1 дэх зорилтод “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгэхүүний худалдан авалтыг тогтвортой дэмжсэн байна” гэсэн заалт нэмэхийг дэмжлээ. Төслийн 1 дүгээр хавсралтын 2.3 дахь зорилтод “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байна.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хавсралтын 5.1 дэх зорилтод “Нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Түүнчлэн төслийн 1 хавсралтын 5.5 дахь зорилтод “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна”, “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид болгох, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

    Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын “Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлнэ” гэсэн 9.4 дэх зорилтод “Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 2.4 дэх зорилтод “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. “Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байна”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байна” гэсэн заалтуудыг төслийн 1 дүгээр хавсралтын 8.3 дахь зорилтод тус тус нэмэхийг дэмжсэн. Мөн хавсралтын 8.1 дэх зорилтод “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дориод аймгуудад хэрэгжүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

    Төслийн 1 дүгээр хавсралын 4.2 дахь зорилтод “Улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахиалгаан, дулааны эх үүсвэр нэмэгдүүлсэн байна”, 5.2 дахь зорилтод “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодпого хэрэгжүүлж хэвшсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

    Төслийн 2 дугаар хавсралтын “Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”-д “Хөвсгөл аймгийн дулааны станцыг өргөтгөх, “Могойн гол"-ын уурхайг түшиглэн дулааны станц барих, Чаргайтын усан цахилгаан станц байгуулах, Хатгал тосгонд дулааны станц барих”, “Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай авто замыг барих”, “Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилтай автозамыг барих”, “Улаанбаатар хотын Багануур Налайх дүүргийн дулааны станцыг шинэчлэх” гэж нэмэх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хавсралтад “Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц, дэд бүтцийг барих”, “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр"-ийг төсвийн хөрөнгө оруулалт болон “Агаарын бохирдлыг бууруулах сан”, олон улсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлнэ”, “Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерийг хөгжүүлэх” гэж нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Ийнхүү хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Нэгдсэн хуралдаанаар дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Тус байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төсвийн, Үйлдвэржилтийн бодлогын, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороод “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт ирүүлжээ.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” баримт бичгүүдийн нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байдлыг хангуулах зорилгоор Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн төлөөлөл бүхий 29 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсгийн 81 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Байнгын хороодоос ирүүлсэн 51 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан болохыг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулав.


    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэмжигдэхүйц байдлыг хангах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хамт батлах, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн топвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт туссан эдийн засагг нөлөө үзүүлэх 10 томоохон төсөлд шаардагдах санхүүжилтийг орчин үеийн санхүүгийн боломжит бүх хэрэгслүүдийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт даалгасан заалт, дэд заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах санал гарсан гэв.

    Тогтоолын хавсралтад тусгагдсан “Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Засаглалын бодпого", “Ногоон хөгжлийн бодлого”, “Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого" бүлгүүдэд тусгагдсан зорилтуудтай холбогдуулан тус 6 бүлэг зорилтуудад нэмж тусгах, өөрчлөх, хасах зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилсан байна.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Тогтоолын төсөлтэй холбоотой 6 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн хавсралттай холбоотой Ажлын хэсгийн 78, гишүүдийн гаргаж харъяалах Байнгын хороогоор хэлэлцүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг нь дэмжсэн 19, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй 22 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив

    Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан. Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг даван туулах зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 10.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, дэмжлэг, тусламж үзүүлэх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурлаас бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас холбогдох шат дараалсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд 1.9 их наяд төгрөгийг зарцуулжээ. Мөн төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг багасгах, өрийн хэмжээг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн гэв. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 10.7 их наяд төгрөг, нийт зарлагыг 14.6 их наяд төгрөг, нийт орлогоор тооцсон төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь байхаар, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувь байхаар тусгагджээ.

    Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь ажлын хэсэгт болон Байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүд, байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судлан үзэж, хуульд нийцсэн саналуудыг нэгтгэн томьёолж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед ажлын хэсгийн бэлтгэсэн санал нэг бүрийг хэлэлцэн дэмжсэн юм. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх төслүүдийг хоөр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцлээ.


    Ийнхүү ажлын хэсгийн болон бусад Байнгын хороодын гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан хэлэлцэж, олонхын дэмжпэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолсон гэлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ач холбогдол, гүйцэтгэл зэрэгтэй уялдуулан холбогдох өөрчлөлтийг тусгах, мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь Ардчилсан Намын Бүлгээс тусгайлсан зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байна.

    Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Нэг хүнд оногдох ДНБ-ий хувь хэмжээ валютаар тооцвол буурсан дүн гарна, ажилгүйдэл, ядуурал буураагүй хэмээн дурдсан. Төсвийн тодотголд дурдсан тоо баримтууд нь тодотгол хийх үндэслэл биш хэмээн дурдаад Засгийн газрын өрийн талаарх саналаа илэрхийлж, төсөл дэх төсвийн алдагдлын талаарх шүүмжлэлээ илэрхийлсэн юм. Мөн валютын ханшийн өөрчлөлт, түүнээс үүдсэн эдийн засаг, бизнес, айл өрхөд үзүүлэх нөлөөллийн талаар дурдлаа. Олон улсын санхүүгийн зах зээл дэх Монгол Улсын нөхцөл байдлын талаар хэлж, төсвийн тодотголоор төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, дундаж давхаргаа хамгаалах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэж байгаа гэлээ. Томоохон төслүүдийг урагшлуулж, экспортыг эрс нэмэгдүүлэн, эдийн засгийг тэлэх бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтэд дурдсан. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн төслүүдийг цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагын талаар дурдсан.


    Үргэлжлүүлэн зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамт гаргасан, Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналуудыг танилцуулж санал хураалт явууллаа.   Тухайлбал, саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсан 300.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 50.0 сая төгрөгөөр санхүүжигдэхээр тусгагдсан 1 төсөл, арга хэмжээг төслөөс хасах, мөн 34  төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 12,681.3 сая төгрөгөөр бууруулах өөрчлөлтийг хавсралтад дурдсанаар хийх нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн саналын томьёоллын хавсралт 2-д тусгагдсан 21,750.8 сая төгрөгийн  төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 4,356.1 сая төгрөгөөр санхүүжих 37 төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах, мөн 18 төсөл арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 7,814.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх өөрчлөлтийг хавсралтад дурдсанаар хийхийг дэмжсэн. Мөн саналын томьёоллын хавсралт 1-ийн 17-д тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 560.3 сая төгрөгөөр бууруулах саналтай уялдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн урсгал зардалд 230.6 сая төгрөг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн урсгал зардалд 116.8 сая төгрөг тус тус тусгаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын нөөц санг 212.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт  560.3 сая төгрөгөөр Өвөрхангай аймгийн суурь зарлагыг нэмэгдүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2020 оны төсвийн жилд зарцуулах зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдүүлэхээр “Завхан аймгийн Улиастай сумын Спорт цогцолборын барилгын нэмэлт санхүүжилт болох 1,200.0 сая төгрөгийг батлуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлэлгүй 2020 онд санхүүжих дүнг 1,200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн тул тухайн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг хэвээр үлдээж, төсөвт өртгийг 1,200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 29 нь дэмжлээ.


    Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн  Ё.Баатарбилэгийн гаргасан “ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хангамж, бараа материалын зардал болон эд хогшил, урсгал засварын зардлаас 2.5 тэрбум төгрөгийн хасаж хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч мөн Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Төсвийн байнгын хорооны дэмжээгүй уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжлээ. “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм.

    Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оруулсан. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарч дунд хугацаанд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодотгох, өөрчлөлт оруулах, түүний хууль зүйн боломжийг бий болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явуулах шаардпагатай гэсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д заасан үндэслэлээр төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаасан. Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж, санал, дүгнэлт гаргасан байна.


    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дараах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

    Төслийн гарчгийг зохицуулах харилцааны агуулгад нийцүүлэн хуулийн төслийн гарчгийг өөрчлөхийг,  төслийн 1 дүгээр зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3, 19.9 дэх хэсгийг бүхэлд нь хамруулахаар нэмэлт оруулахыг тус тус дэмжжээ. Эдийн засаг сайжрахын хэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулан мөрдүүлэхтэй холбоотой төсөлд шинээр заалт нэмэх саналыг 61.5 хувиар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түдгэлзүүлэхдээ зөвхөн 2020, 2021 оныг хамруулж, 2022 оны төсвийн жилээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9 дэх хэсэгт заасан төсвийн тусгай шаардлагыг мөрдүүлэх талаар байр сууриа илэрхийлснийг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


    Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, харъяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 2021-2022 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан макро эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн бөгөөд энэ асуудпаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсныг танилцуулав.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.


    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Төсвийн байнгын хороо хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай уялдан дунд хугацааны төсөв, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулах саналыг гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.


    Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Коронавируст халдварын цар тахлын үргэлжлэх хугацаа, үзүүлэх хүндрэлийг бүрэн тооцох боломжгүй, үүсээд байгаа сөрөг нөлөөллийг нийгэм, эдийн засагт хохирол, эрсдэл багатайгаар даван туулахад зээлийн хүүд нөлөөлж байгаа суурь шалтгааныг судалж, зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох шаардлагатай тулгараад байна. Энэхүү стратегийн зорилтот түвшинг хангахын тулд инфляцыг тогтвортой, нам төвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах зэрэг нарийвчилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт шууд нөлөө үзүүлэхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна.

    Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр техникийн алдааг засах зорилгоор тогтоолын төслийн 2 дахь заалтын “жилийн” гэснийг “сарын” гэж өөрчлөх; гишүүн С.Чинзориг иргэдийн орлого зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэглээний зээлийн дарамтыг бууруулах зорилгоор банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах; гишүүн Т.Доржханд дэлхийн олон оронд ашиглаж байгаа шийдлийг хэрэгжүүлж мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох тухай заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслийн хавсралтын 1.6.1 дэх дэд заалтад хэрэгжүүлэх хугацааг “2020-2024” гэж нэмэх; мөн хавсралтын 2.1 дэх заалтын “2020-2021” гэснийг хасах; гишүүн Ж.Ганбаатар 2.1.3 дахь дэд заалт буюу банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын мэргэшсэн институцийн хүрээнд зохицуулах нь банкнуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт авчрах сөрөг нөлөө их байгааг дурдаж, энэ заалтыг хасах; гишүүн Х.Ганхуяг тогтоолын хэрэгжүүлэх хугацааг 2021 оны эцэс байхаар өөрчлөх; гишүүн Т.Доржханд банкны тусгай зөвшөөрлийг ангилдаг болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн санал болгож өрсөлдөөнийг дэмжих хөшүүрэг бий болгох, хадгаламжийн хэмжээнээс хамаарч хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох гэсэн санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар зээлийн хүүгийн зардлын ихэнхийг эзэлдэг өндөр хүүтэй хадгаламжийн талаар ямар бодлого баримтлахаар тусгасныг, энэ баримт бичгийн үр нөлөөгөөр ипотекийн зээлийн хүү буурах боломжтой эсэхийг тодруулав. Одоо зээлийн хүү дунджаар 16.3 хувь байгаа гэж тооцсон бөгөөд төсөл дэх зорилтод 2021-2024 онд зээлийн хүүг 4 хувиар буюу жил тутам 1 хувиар бууруулахаар тусгасан болохыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ. Өндөр хүүтэй хадгаламжаас авах татварыг нэмэгдүүлэх асуудлыг дээрх төсөлд тусгасан байгааг тайлбарласан. Тодруулбал, сүүлийн үеийн тайлан мэдээлэлд валютын хадгаламж 30 хувиар өссөн дүн гарсан. Валютын хадгаламж нь ханшийн зөрүүнээс ашиг олдог учраас энэ төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах боломжтой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалт тусгаад байгааг Монголбанкнаас тайлбарлалаа. 2016-2020 онд төсвийн тогтвортой байдлын үр нөлөөгөөр  зээлийн хүү 20 хувиас 16 хувь хүрч буурсан. Ирэх жилүүдэд төсвийн сахилга бат, тогтвортой байдал хадгалагдвал зээлийн хүүг бууруулахад чухал дэмжлэг болно гэлээ. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлд авах арга хэмжээ, зээлийн хүүд нөлөөлж буй валютын ханшийн нөлөөллийн зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулаа. Зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь эх үүсвэрийн зардал буюу харилцах, хадгаламжийн хүүгийн зардал байдаг гэв. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эх үүсвэрийн зардалыг 3 нэгж хувиар бууруулсан тооцооллыг Монголбанкны ерөнхийлөгч дурдлаа. Цаашдаа холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хүрээнд банкан дахь харилцах болон хугацаагүй хадгаламжуудад хүү төлөхгүй байх заалтыг оруулж байгаа гэв. Энэ нь эх үүвсэрийн зардлыг маш өндөр хувиар бууруулна гэж тооцсон байна. Нөгөөтэйгүүр банкны үйлчилгээний зардлыг бууруулж, цахимд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх нь эх үүсвэрийн зардлыг бууруулна гэж үзэн, холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв.

    Төр өөрийн хөрөнгө, мөнгөө эргэлтэд оруулах нь эдийн засгийн эрчимжүүлэлтэд томоохон нөлөө Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үзүүлэх боломжийн талаар хэлж, зарим орны зээлийн хүүг бууруулсан туршлагын талаар жишээ дурдан, санхүүгийн зах зээлийг эрчимжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк хэрхэн ажиллах талаар тодруулав. Зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд банк зардлаа танадаг, цахимд суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргаад ирэхээр зардал буурдаг туршлагыг онцолж байлаа. Хэлэлцэж буй тогтоолын төсөлдөө финтек старт-апуудыг хэрхэн дэмжих, дээрх стратегийг хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологийн дэвшлүүдийг яаж ашиглах талаар тусгасан гэдгийг тодруулсан юм. Санхүүгийн зөв бүтэц рүү буюу арилжааны банкнаас гадна хөрөнгийн зах зээлийг зэрэгцүүлэн тооцсон гэдгээрээ энэ удаагийн төсөл онцлогтой гэдгийг ажлын хэсгээс тайлбарлаж байв. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн финтекийг ашиглаж буй дотоодын санхүүгийн байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй үйлчилгээний хүртээмж, нөхцөл байдлын талаар тайлбар өгч, хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төсөл дэх “Алт 2” хөтөлбөрийг эрчимжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг сайжруулах чиглэлд ямар арга хэмжээ авах талаар тодруулж ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хөрөнгийн зах зээл, биржийг идэвхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний талаар, өмнөх энэ чиглэлээр гарсан баримт бичгүүдийн хэрэгжилт, тэдгээрээс хийсэн дүн шинжилгээ, туршлагыг судалсан эсэхийг тодруулж, хариулт авсан юм.

    Дараа нь “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-27 23:45  243