УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.22/ нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль, тогтоолын төслүүдийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөжээ. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан болно. 2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгасан гэж байлаа.
Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан гэлээ
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.
Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслүүдээс ““Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль зүйн талаас нь дахин хянаж үзэх шаардлагатай байгаа тул бусад 10 хууль, Монгол Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Нэг.Төрийн хэмнэлтийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгмийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэн ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлын эсрэг хязгаарлалт тогтоох, хяналт тавих, төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор төрийн тусгай чиг үүргийн алба болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 6.5 дахь хэсэгт шүүх, прокурорын байгууллагыг нэмж тусгах боломжийн талаар, цалин, хөлсийг хэт бууруулахгүй байхад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төрийн албан хаагчдын орон тоог 10 хувиар бууруулан урсгал зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэвлэлийн захиалгын төлбөрийг хориглохоос илүүтэйгээр хэвлэлтэй хаалтын гэрээ байгуулах төлбөрийг хориглох, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төсөл батлагдсанаар 2022-2024 онд хэмнэгдэх зардлын тооцооллын талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, дэд дарга гэсэн орон тоо хэмнэлтийн бодлогод ороогүй байгаа талаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин шинээр барилга барихыг хориглосноор бий болох төсвийн хэмнэлтийн талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа төрийн хэмнэлтийн хуулийн үйлчлэх хугацааны талаар, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар олон улсын гэрээгээр зохицуулагддаг байгууллагад энэ хуулийн төслийн үйлчлэл хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаашид Улсын Их Хурлаар хэлэлцэх улсын төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд аудит хийсэн байх, бодлогын түвшинд зарчмын өөрчлөлт, төсвийн шинэчлэлийг хийх, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дэд сайд, сайдын зөвлөхийн орон тоог хасах, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төрийн зарим чиг үүргийг олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх замаар төсвийг хэмнэх боломжийг бүрдүүлэх зэрэг саналуудыг гаргасан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувь нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дийлэнх олонх буюу 85.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хоёр.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар:
Гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамтыг бууруулж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах зорилгоор импортоос хамааралтай хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас, ургамлын тосны импортын хамаарлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн ургамлын тос, тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гаалийн албан татвараас чөлөөлөх нь бодит хэмнэлт болж чадах эсэх, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар буурах тооцооллын талаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дотооддоо үйлдвэрлэх боломжтой ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх нь зөв эсэх талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн гишүүн Х.Болорчулуун, Ж.Батсуурь нар хуулийн үйлчлэх хугацааг уртасгах, 2027-2030 он хүртэл хэрэгжихээр өөрчлөлт оруулах саналыг гаргажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.3 хувь нь дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Гурав.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэх, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгож, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ажил хайгч иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Амартүвшин нар тухайн орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд, эсхүл аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа бүрэн шилжүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлдэг байхаар өөрчлөх саналыг гаргасан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар:
Төрийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хууль болон тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Булгантуяа, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувь нь дээрх хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тав.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд батлагдаж, боловсрол, соёлын байгууллагын үндсэн болон үйлчилгээтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсон нь ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байх өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар асуулт асууж хариулт авсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Зургаа.Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийн талаар:
Гадаад нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон валютын ханшийн өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед нийгмийн даатгал төлөгчдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулах, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэнийг жилд 50000 хүнээр нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж цогц арга хэмжээ авах, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилж тогтоох, халамжлах бус хөдөлмөрт бэлтгэх, төлөвшүүлэх, бүтээмж өсгөх асуудлыг холбогдох яам онцгой анхаарах, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хүнсний бүтээгдэхүүнд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын 8-9 хувийг буцаан олгож иргэдээ бодитоор дэмжих зэрэг саналуудыг хэлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Долоо.Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар:
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулиар 2022 оны эхний хагас жилд 100 хувь, сүүлийн хагас жилд 50 хувь мөнгөн хэлбэрээр олгохоор тусгагдсан Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалыг олон улсын хямралт нөхцөл байдлын улмаас 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжийг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид олгож, өрхийн орлогыг эрсдэлээс хамгаалах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Найм.“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар:
Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах, өндөр ачаалалтай болон төрийн өмчийн цэцэрлэггүй 74 байршилд амьдардаг 33.5 мянган хүүхдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгийн үйлчилгээнд хамруулах, цаашид сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдлыг эцэс болгох асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлсэн байдлаар шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгөхөөр “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ес.“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар:
Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газрыг байгуулахаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай, Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох бол тухайн төлсөн ажилтанд биш ажил олгогчийг дэмжсэн бол зөв бодлого болох байлаа хэмээсэн. Мөн тэрбээр Гадаад худалдааны агентлаг байгуулах тухай тогтоолын төсөл яагаад дэмжигдсэнгүй вэ. Сүүлийн жилүүдэд гадаад худалдаа хоёр дахин буурсан дүнтэй байгаа. Гадаад худалдааг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад энэ агентлаг чухал үүрэгтэй бишүү гэж Төсвийн байнгын хорооны даргаас лавласан.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, нийтээрээ хэмнэе, төр данхайж байна гээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн атлаа агентлаг нэмж байгуулах гэж оруулж ирснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Төсвийн тодотголыг харахад агентлаг нэмэхээр хөрөнгө төсөвлөөгүй байна. Тиймээс энэ асуудлыг ирэх оны төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Одоо агентлаг байгуулаад гадаадын хөрөнө оруулалт шууд нэмэгдээд ирэхгүй. Харин эдийн засаг, хууль эрх зүйн орчноо сайжруулах гэх мэт авах арга хэмжээнүүд бий гэсэн хариултыг өгсөн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох асуудал Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагатай холбоогүй бөгөөд улсын төсвөөс олгох юм. Энэ нь бага орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны төрийн дэмжлэг гэж ойлгож болно гэлээ.
УИХ-ын гишүүн П.Анужин, Эрүүл мэндийн даатгалын газар нь том байшинтай байдаг. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлэг нь өндөр түрээс төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасныг тодруулсан.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 7.3-т Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална гэж тусгасан. Энэ зохицуулалтаар нэг ам.метр талбайн түрээс, ажлын байрны нийтлэг стандартыг тогтоож, бүх асуудлыг цэгцлээд явна гэж үзэж байгаа гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, төрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмжид жилд нэг цахилгаан станц барих хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Хэдийгээр их мөнгө биш ч төрөөс чадах ядахаараа олгож байхад хүүхэдтэйгээ зүй бусаар харилцаж байгаа, эрүүл мэндийг нь хохироож байгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг явдал гарсаар байгааг онцлоод, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ийм зүй бус үйлдэл гаргадаг эцэг, эхчүүдэд хүүхдийн мөнгийг олгохгүй байх талаар авч буй арга хэмжээний талаар тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулан ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр, хүүхдээ үл хайхарч, орхисон, хаясан, өөрсдөө буруу хэрэглээтэй байдаг, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн гомдлын дагуу манай яамны Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс тухайн хүүхдийн мөнгө олголтыг зогсоож, зөвхөн тэр хүүхдийн данс руу мөнгө нь ордог зарчмыг хэрэгжүүлж байгаа. 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн мөнгөтэй холбоотой 338 өргөдлийг хүлээн авч 222 өргөдлийг шийдвэрлэсэн. 116 өргөдлийг хянан шалгаж байна. Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл олгохгүй, хүүхдийн мөнгийг зээлд суутгахгүй гэсэн зүйл заалтыг журамд оруулсан гэлээ.
УИХ-ын гишүүд Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд хэдэн төгрөгийн хэмнэлт гарах талаар, хуулийн хэрэгжих хугацааг тодруулж байлаа.
Энэ жилийн тодотголоор нийт дүнгээр 39.1 тэрбум төгрөгийг бууруулсан бөгөөд энэ нь ирэх жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийн суурь болох учир цаашдаа тэрхүү зардлууд дээр мөнгө тавигдахгүй, зарцуулагдахгүй хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар тасралтгүй мөрдөгдөнө гэлээ.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.