Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2022.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Засгийн газрын гишүүнийг огцруулах, гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгаар үргэлжилсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулж байгаагаа онцлов.
Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тодорхой үр дүн гаргаагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулахаар болсныг мэдэгдлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиодолд Ерөнхий сайд түүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор болсон гэв.
Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байна. Б.Бат-Эрдэнэ нь улсад 18 жил ажилласан туршлагатай аж.
Ерөнхий сайдын танилцуулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Ганбаатар, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Г.Ганболд, С.Бямбацогт, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүдийн зүгээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ, утаа нь нийслэл төдийгүй, улс орны тулгамдсан асуудал тул шахмал түлшний стандарт, чанарыг сайжруулах төдийхнөөр хандалгүй агаар, орчны бохирдлыг бууруулахад танхимынхантайгаа уялдаа холбоотой, идэвх зүтгэлтэй хамтран ажиллахыг онцлон тэмдэглэв. Мөн байгаль орчны асуудал өргөн цар хүрээтэй ажиллахыг шаарддаг томоохон салбар тул асуудалд бодитой, ажил хэрэгч хандаж ажиллахыг анхааруулахын зэрэгцээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг хязгаарлах бус өргөтгөх, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалын салбарыг бүсчилэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байлаа.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нараас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.
Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох аж.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулжээ. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой юм байна.
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар тусгажээ.
Хуулийн төслийн 3 дугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна.
Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан байна. Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарласан зохицуулалт болох юм.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.
Нийтийн зориулалттай орон сууцны доорх газартай холбоотой өмчийн хязгаарлагдмал эрхийг бий болгох, өмчлөх эрх болон өмчийн эрхийн ялгаатай байдлыг судалж газрын хууль тогтоомжид тусгах, төрийн байгууллагууд нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох шаардалга байгаа тул Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд санал, дүгнэлтдээ тодотгосон.
Мөн тэрбээр, Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлоогүйгээс иргэдийн ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх шалтгаан тулгарч байгаа тул уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Газрын тухай хуулиндаа Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн зохицуулалтыг зөв хийх, хот суурин газрын газрыг бүртгэлжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг олон нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, газартай холбоотой авлигыг бууруулахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн хэрэгжих хугацааг хэт шахуу тавихгүй байх, хуулинд хоёрдмол утгатай үгийг оруулахгүй байх, дуусаагүй барилга гэх үг хэллэгийг анхаарах гэсэн саналыг хэлж хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, С.Чинзориг, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд. Ш.Адьяшаа, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 2 асуудал байна. Аж ахуйн нэгжүүдийн барьж байгаа барилгуудыг барьцаанд тавихыг хориглож болохгүй. Миний хувьд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг засах шаардлагатай. Харин орон сууцны доорх газрыг иргэдэд эзэмшүүлэх нь зөв асуудал. Монголд газар, барилга хоёр нь саланги байдаг тул үүнийг нэг эзэмшилтэй болгох нь зөв” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, “Өнөөдөр 3960 гаруй гадаадын иргэн орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээтэй байна. Хуулийн төслийн хүрээнд эдгээр хүмүүс нийтийн эдэлбэрийн газраас газар өмчилнө. Зөвхөн өв залгамжлалаар бусадруу шилждэг өөр бусад эрхээр төр оролцох боломжгүй, газрыг хязгааргүйгээр захиран зарцуулах эрхийг авч болохоор байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, цаашлаад Үндсэн хуулиа зөрчих болно. Газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар газраа зарах асуудлыг цэгцлэх тэр хуулийн төслийг дэмжиж болох юм” гэж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гишүүд олон талт байр суурьтай байгааг нэгтгэх шаардлагатай байна. Мөн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ҮАБЗ-ийн дүгнэлт гаргуулах шаардлага байна гэснийг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага өглөө.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав
Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай)-ийг хэлэлцсэн.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Хууль зүйн байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу тус асуудлыг хэлэлцсэн гэдгийг С.Бямбацогт гишүүн санал, дүгнэлтдээ дурдаад Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны саналыг Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар танилцуулсан гэдгийг тодотгов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд адил ажил, албан тушаал эрхэлж байгаа этгээдийн цалин хөлс ижил байх зарчим алдагдах нөхцөл үүсэж байгаа бөгөөд цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалингийн асуудлыг ижил болгоход анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүд нь шударга ёс тогтооход чухал үүрэгтэй бөгөөд хуулийг нэг мөр хэрэгжүүлж, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллахад анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллагын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй ангилал зэрэглэл адил байх зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цалингийн асуудлыг итгэлцүүрээр тогтоох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлаас шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийг өндөр хэмжээгээр тогтоож байгаа бөгөөд ёс зүй, сахилга хариуцлагатай ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалингийн асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ш.Адьшаа нарын асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсний дараа Байнгын хорооны саналаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь, “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь тус тус дэмжсэн.
“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” тогтоолын төслийг баталлаа
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсныг дурдахын зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийснийг тодотгов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Орон нутгийн өөрөө удирдах байгууллага цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ямар зохицуулалт хийх талаар тодруулав. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүний асуултад өгсөн хариултдаа, Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн дагуу уг журмыг уялдуулан боловсруулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн чиг үүрэг нь эрх мэдлийн хувьд хязгаарлагдмал. Цаашдаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлаа шийдэхээр болсон гэдгийг тодотгов.
Ингээд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжсэн.
Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав
Хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэж, хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 18, Байнгын хороодоос 19, Улсын Их Хурлын гишүүдээс 2, Монгол Улсын Засгийн газраас 26 буюу нийт 89 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа:
1.“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг тухай бүр хэлэлцэхээр;
2.“ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр;
3.хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа онцлоод “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байв.
1/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
3/Газрын багц хуулийн төсөл;
4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
7/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;
9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;
14/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
16/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;
18/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
20/Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21/Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
23/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;
25/Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;
26/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
27/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
28/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;
29/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
30/Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
34/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
35/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
37/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
38/Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;
39/“Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
40/Улс төрийн намын тухай хуулийн төсөл
41/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
42/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
43/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;
44/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
45/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
46/Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
47/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
48/Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
49/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
50/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
51/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
52/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
53/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
55/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.
Түр хороог татан буулгалаа
Дараа нь “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны ажлын дүнтэй танилцлаа.
Энэ талаар Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу Түр хорооны ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж ажиллуулсан бөгөөд Түр хороо нь ажиллах хугацаандаа нийт 13 удаа хуралдсанаас 9 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдаж, Засгийн газрын ажлын хэсгийн явцын талаар болон холбогдох бусад байгууллагуудаас мэдээлэл сонсож Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр нийт 4 удаа, Түр хорооны тогтоолоор 2 удаа чиглэл өгч ажилласныг онцлов.
Түр хорооноос Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх, Лондонгийн арбитрын шүүхэд Оюу Толгой ХХК-ийн татварын асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадны зөвлөх үйлчилгээ авах, мөн Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох улмаар Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор Түр хорооны дарга болон гишүүдийн төлөөлөл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, Түр хорооны байр суурийг тодорхой илэрхийлсэн болно. Засгийн газар, түүний ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Түр хороо нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас саналаа Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн гэдгийг Түр хорооны дарга танилцуулгадаа дурдав.
Улсын Их Хурлаас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан. Энэ өр тэглэгдснээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа гэв.
Түүнчлэн тэрбээр, Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой юм.
Рио Тинто компани, Туркойс Хилл ресурсес Лтд-ийн зүгээс далд уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан нь цаашид өрийн дарамт үүсэхгүй байх Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдүүлнэ гэж байлаа.
Улсын Их Хурлын Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаар ахлуулан, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсныг Түр хорооны дарга танилцуулгадаа дурдаад Ажлын хэсгийн тайланд үндэслэн Усны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох талаар Түр хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө. Урт хугацаанд ашиглах Оюу толгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг Түр хорооноос хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Оюу толгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан гэж байлаа.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулгынхаа төгсгөлд, Эхнээсээ мордохын хазгай болсон Оюу толгой төслөөс хууль ёсны эзэн Монголын ард түмний хүртэх өгөөжийг тохиролцсон хэмжээнд хүргэх асуудлаар яриа хэлцэл цаашид ч үргэлжлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын хоёр ээлжит чуулганы хугацаанд Түр хороо нь амжилттай ажиллаж, хариуцсан чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга гарган хамтран ажилласан Улсын Их Хурлын удирдлагууд, Түр хорооны гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд, Ажлын дэд хэсгийн гишүүдэдээ баярлаж байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан Түр хороо Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудалд идэвх санаачлагатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг цохон тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.4-т Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно гэж заасны дагуу Түр хороо татан буулгав.
Үргэлжлүүлэн баталсан 153 хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссон. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай (Шинэчилсэн найруулга) хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цахим гарын үсгийн тухай (Шинэчилсэн найруулга) хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай (Шинэчилсэн найруулга) хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд болон Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг тус тус сонслоо.
Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг танилцуулсны дараа Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнэ тангараг өргөв.
Үүгээр Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг хааж үг хэллээ. (бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97, Дэд хороод 5, Түр хороод 9, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж, шийдвэрлэснийг онцлов. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амьлуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай хууль 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.