“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 31 дугаарын тойм

  2019-08-12 13:04  64


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.

Монгол Улсын Их Хурлаар 2015 онд баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-ийн хэрэгжилтийн хугацаа 2018 онд дууссан тул Өрийн удирдлагын тухай хуулийн 14.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугaцааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна” гэж заасныг үндэслэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлах шаардлага үүссэн аж.

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, тухайн төсвийн жилд шинээр үүсгэх зээллэгийн төлөвлөгөө, өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тооцоолох бөгөөд шинээр үүсгэх аливаа өр нь стратегийн баримт бичигт нийцжээ.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт Өрийн удирдлагын тухай хуулийн 14.3-т заасны дагуу дараах агуулгыг тусгаж баталсан байна. Үүнд:

       Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал;

       Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл;

       Санхүүжилтийн боломжит эх үүсвэр;

       Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс;

       Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал;

       Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал;

       Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц;

       Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт дараах онцлох арга хэмжээнүүдийг тусгасан байна.Үүнд:

·      Төсвийн сахилга бат, санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдал болон шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулна;

·      Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна;

·      Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзана. Өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг ашиглахыг эрмэлзэнэ;

·      Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлнэ;

·      Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлнэ;

·      Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтална хэмээн тусгажээ.

Мөн дугаарт Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолг нийтэлжээ. Уг тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг шинэчлэн баталсан бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд уг дүрмийг бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-08-14 12:15  64