Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх зорилго бүхий “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр (2018.06.07) Улаанбаатар хотод эхэллээ.
Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв. Мөн Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга И.Е.Левитин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины илгээлтийг уншиж танилцууллаа.
Дараа нь “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл”, Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа зэрэг салбар хуралдаанууд болж, хоёр улсын парламент, Засгийн газрын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцлоо.
Энэ үеэр “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн Монголын талын дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангаас арга хэмжээний үр өгөөжийн талаар тодруулахад, Монгол, Оросын эдийн засгийн харилцааг бодит утгаар баяжуулах, тухайлбал Монголын төмөр замд нэмэлт хөрөнгө оруулалт хийж, шинэчлэх, III, IV цахилгаан станцын шинэтгэл, эдийн засгийн коридорыг урагш ахиулах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайрч өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар талууд санал нэгтэй байж, боломж, гарцыг эрэлхийлж байна гэлээ. Түүнчлэн Монголын хөрөнгө оруулагчдыг ОХУ-ын хөнгөлөлттэй зах зээлд буюу Хаборовский, Эрхүүгийн эдийн засгийн чөлөөт бүсүүдэд 5-10 жилийн хугацаанд хамтран ажиллах бололцоо боломжийг нээх талаар Оросын талаас мэдэгдснийг онцоллоо. Мөн тарифын болон тарифын бус саадуудыг арилгахад хоёр орны хууль тогтоох байгууллагууд хамтарч ажиллах талаар ярилцаж байна гэв.
“Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээнд ОХУ-аас 90 гаруй компани болон улстөр, бизнес, урлаг, спортын салбарын 400 гаруй төлөөлөгч иржээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээ болж байгааг ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдав.
Тухайлбал, Эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд 7, 8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд, Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн “Азийн хаалга” үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд 7, 8-ны өдрүүдэд, гэрэл зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 7-ны өдөр, Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болон залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.