Цэс

Холбоо барих

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.30/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.


Үндсэн хуулийн цэц 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн аж.


Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Хүний эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан гэж бодож байна. Өмчлөх эрх гэдэг бол өмчлөгчийн туйлын буюу язгуур эрх гэж үздэг. Өмчлөгч түүнийгээ захиран зарцуулах, чөлөөтэй эзэмшиж ашиглах, халдлагаас хамгаалах эрхтэй. Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн эрх ашигт нийцүүлэх, бусдын эрхийг зөрчихөөс сэргийлэх үүднээс хязгаарладаг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн аваад холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээсэн.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17дахь илтгэлийг сонсов. Илтгэлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцууллаа.


Тус илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2018.10.30/ хуралдаанаар сонсч хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Сүүлийн үед цахим ертөнцөөр түгэж буй мэдээллээс болж өсвөр насны хүүхэд залуус амиа алдах, амиа хорлох, бусдын шахалтанд орох, бэлгийн дарамтад өртөх явдал гарах боллоо. Үүнд ямар дүн шинжилгээ хийж, үүний ул мөрөөр ямар арга хэмжээ авч байна вэ хэмээн тодруулсан.


Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, энэ асуудлыг дэлхийн бараг бүх улсад ярьж буйг дурдаад холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авахгүй бол цахим ертөнцийн муу нөлөөнөөс болж өсвөр насныхан хохирох явдал буурахгүй байгааг онцолсон. Тэрбээр, цахим ертөнцөөс мэдээлэл авах хэрэглээг өсвөр насныхны хүрээнд хааснаар хүүхдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн зүйл болохгүй байх гэж бодож байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн энэ үеэр ХЭҮК-ийн даргын томилгоо болоод зарим хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилдөж бус асуудлаар гишүүд асуулт асууж, мэдээлэл авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхтэй холбоотой асуудал, ХЭҮК-ийн бүтэн жил хийж гүйцэтгэсэн тайланг хэлэлцэж буй учир хуралдаанд оролцох гишүүдийн ирцийг нэмэгдүүлж, илүү чанартай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл