Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.09) хуралдаан 14 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулан баталсан “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох үүргийг Засгийн газарт даалгасан байна.
Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасны дагуу “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүний хавсралт болох “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай журам”-ын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулж, төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газарт ирүүлсэн.
Журмын төсөлд Төрийн албаны тухай шинэ хуулийн үзэл баримтлал, зарчим, хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын зохицуулалтыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулан олгох санал гаргах албан тушаалтныг тодорхой болгож заах, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгож ижил хувиар өсгөхөөр зохицуулжээ. Түүнчлэн хуулийн 23.2-т заасан тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан жилийн тусгай шаардлага, хуулийн 36.3-т заасны дагуу хугацаанаас нь өмнө тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг хэрхэн олгох талаарх зохицуулалтыг шинээр оруулсан байна.
Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг өнөөг хүртэл Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж ирсэн бөгөөд энэ журамд Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж байжээ. Харин Төрийн албаны тухай шинэ хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх журмыг шинэчлэх шаардлагатай болсон байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэй дэмжлээ
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг танилцуулав.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, Б.Наранхүү, М.Энхболд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ингээд Ерөнхийлөгчөөс санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.