Цэс

Холбоо барих

Гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

 

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэрээ, хэлэлцээр, хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1.    “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд,  хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.

Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг ажээ.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр эхний ээлжинд дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр тодорхойлоод байгаа аж. Үүнд:

- Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилт (Боршоо, Бичигтийн хилийн боомтыг хөгжүүлэх хүрээнд барилга байгууламжийг өргөтгөн, шинэчлэх, үйл ажиллагааг саадгүй явуулах үүднээс тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах)

- Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн нэмэлт санхүүжилт (Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил)

- Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл (Төрийн болон орон нутгийн өмчийн услалтын системийг сэргээн засварлах, цаг уурын өөрчлөлтөд усалгаатай хүнсний ногоо эрхлэх, үйлдвэрлэлд шинэ нэр төрлийн таримал тарьж, технологи нэвтрүүлэх, өвлийн хүлэмж барих, хүнсний ногооны агуулах, борлуулалтын сүлжээг бий болгох)

- Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр-2” (ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд АХБ-тай 2019 онд хэрэгжүүлэх бодлогын зээллэг)

- Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх төсөл (Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд барилга байгууламжийг барих, хилийн хамгаалалт, дохиолол мэдээлэл, аюулгүй байдлын иж бүрэн систем бий болгох)

- “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4” төслийн нэмэлт санхүүжилт (Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох хүрээнд шугам сүлжээ холбох, зөөх, зам, машины зогсоол барих зэрэг дэд бүтцийн ажлууд, агааржуулалтын систем, мэргэжлийн шаардлага хангасан нарийн эмчилгээний өрөөнүүдийг бий болгох зэрэг)

 

2.    Экспортын зээлийн тухай  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

“Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж, байгуулжээ.

Зээлийн нийт хэмжээ 50 сая евро, зээлийн хүү (жилийн) нь CIRR euro (2019 оны 6 сарын байдлаар 0.71 %), зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байх юм байна.

Хэрэгжүүлэх төслийн 15.0 хувийг Монголын тал санхүүжүүлэх бөгөөд төслийн 85.0 хувийг хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

                                                           

3.    Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”

Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон билээ. Өнгөрсөн хугацаанд ЕСБХБ-аас Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 99 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна.

ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэж байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 6 дугаар сард баталсан.

Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан, үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдсэн.

Зээлийн хэмжээ 300 сая ам.доллар, эргэн төлөгдөх хугацаа нь 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3-5 жил, жилийн хүү (хөрвөгч хүү) нь LIBOR+1% байх аж.

            Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан байна.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.06.14

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл