Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-11-16 10:11 Уншсан: 36

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдэх гэж буйтай холбогдуулан тус эмхэтгэлийн анхны дугаарыг эрхлэн гаргаж байсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан асан Б.Одонжилтой уулзаж ярилцлаа. Тэрээр одоо Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

 

    -“Төрийн мэдээлэл нэртэй эмхэтгэл гаргах санаачилга хаанаас эхтэй юм бол?

   - Тэр үеийн Улсын Бага Хурал нь Монгол Улсын анхны байнгын үйл ажиллагаатай парламентын хувьд улс орны бүхий л салбарын  харилцааг зохицуулах хууль тогтоомжийг батлан гаргадаг байлаа. Улсын Бага Хурлын үндсэн гол зорилго нь нэгээс хоёр жилд багтаан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, нийтэд сурталчлан таниулж, иргэдийн саналыг хүлээн авч нэгтгэн төсөлд тусгах явдал байв. Үүнтэй уялдуулан манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаарх суурь хууль тогтоомжуудыг шинэчлэн батлан гаргах чухал үүрэг хүлээж байв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч сонгогдож, шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж, зохих зарлиг, тогтоол, шийдвэрүүд гаргаж эхэлсэн байлаа. Үүнээс өмнө ийм эрх зүйн баримт бичгүүд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг, Сайд нарын Зөвлөлийн тогтоол, заримдаа МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол гэх мэт нэрээр гардаг байсныг одоо үеийнхэн архиваас л олж мэдэх болов уу.

    Шинэ нөхцөл байдалд төр, засгийн шийдвэр болсон эрх зүйн чухал баримтуудыг хэвлэж олон нийтэд хүргэж мэдээлж сурталчилах нь олон улсын түгэмээл жишиг төдийгүй иргэдийн амьдрал, байгууллага, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой байсан юм.

      Би тэр үед Улсын Бага Хурлын Тамгын газрын гүйцэтгэгч түвшний ажилтан байсан тул Төрийн мэдээлэл эмхэтгэл гаргах санаачилгыг чухам хэн анх гаргасныг сайн мэдэхгүй. Тэр үед бүх зүйл шинэ, мэдэхгүй зүйл олон байсан ч биднийг Улсын Бага Хурлын Тамгын газрын  дарга Б.Чимид гуай л удирдаж, залж, чиглүүлж байсан. Түүний орлогчоор ажиллаж байсан Л.Хангай өмнө нь Шүүх яаманд хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэл гаргах том ажлыг хариуцаж байсан туршлагатай нэгэн тул энэ хоёр хүн л Төрийн мэдээлэл эмхэтгэл гаргах санаачилгыг гаргасан байх гэж боддог.  

     -Та “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн анхны дугаарыг бэлтгэн гаргаж байсан тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

    -Намайг Л.Хангай дарга дуудаад ийм эмхэтгэл гаргах боллоо. Энэ ажлыг хариуцаж хий гэдэг үүрэг өгсөн. Би ч “мэдлээ, гүйцэтгэе гээд л гарсан. Тэгээд Төрийн ордны хэвлэх газрын ажилтан С.Итгэлт, Б.Оюундэлгэр нарын хөдөлмөрч, ажилсаг хамт олонтой хамтарч ажилласан. Эмхэтгэлийн анхны дугаарыг бэлтгэж байсан тул бүгд их л олон удаа уншиж, нягталж, хянаж байсан санагдана. Тэгээд нэг бүр нь дөрвөн төгрөгийн үнэтэй 10 мянган ширхэг Төрийн мэдээлэл эмхэтгэл анх төрж билээ. Ингээд дараа дараагийн дугаарууд ч гарч эхэлсэн.

    -10 мянган ширхэг эмхэтгэлийг уншигчдад хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж байсан бол оо?

   -Тухайн үед эмхэтгэлийг орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад цаг алдалгүй хэрхэн хүргүүлэх тухай асуудал үүссэн. Эмхэтгэлийг хэвлэх газраас баглаа, боодолтой хүлээж авна, ингээд задалж аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад хуваарилна, хүргүүлнэ гэх мэт. Эхэндээ эмхэтгэлийн чухлыг хаана хаанаа сайн ойлгож мэдэхгүй байсан тал бий байх. Сүүлдээ хэрэгцээ шаардлагатайг нь ойлгож мэдээд хөдөө орон нутгаас Тамгын газар руу утасдаж тоог нь нэмэгдүүлж өгөх хүсэлт их тавих болсон. Эхэн үедээ орон нутгийнханд тайлбарлахыг хичээж байсан ч тэр бүр гүйцэд ойлгуулж чадахгүй самгардах үе бас гарна. Тиймээс Тамгын газрын багана, түшиг тулгуур болж байсан Г.Барсүрэн, Б.Шарбанди зэрэг ахмад, туршлагатай ажилтнуудад ханддаг байлаа. Ахмадууд маань хот, хөдөөнийхөнд тэр дор нь л ярьж ойлгуулчихаад  инээгээд сууж байдагсан.

    Улсын Бага Хурлын Тамгын газар тэр үед нийт 27 ажилтантай үйл ажиллагаа эхлүүлж, дарга, цэрэггүй ээлжлэн чуулганы хуралдаанд сууж гар тэмдэглэл хөтөлдөг, дараа нь бичээч нараар үг нэг бүрчлэн бичүүлж, түүнийгээ магнитофоны бичлэгтэй тулгаж шалгах гэх мэт жинхэнэ ажилчин зөгийнүүд шиг л ажиллаж байсныг эргэн санахад сайхан байдаг юм. Ийм хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйл маань өнөө хүртэл миний ажил, амьдралд сайнаар нөлөөлж, тус нэмэр болж байгаа гэж боддог.

    -Төрийн мэдээлэл нь эмхэтгэл хууль, эрх зүйн акт нийтэлдэг байсан бусад сэтгүүл, эмхэтгэлээс ямар онцлогтой байсан бэ?

    - Төрийн мэдээлэл эмхэтгэлд эрх зүйн баримт бичгийн хууль ёсны бүрэн эх албан ёсоор хэвлэгддэг учраас маш чухал ач холбогдолтой. Хууль тогтоомжууд “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдэж гарснаас хойш төгөлдөр болдог. Одоо үед мэдээлэл түгээлт цахимжиж интернэтийн legalinfo.mn сайтаас аль ч мэдээллийг түргэн шуурхай олж авах боломжтой болсон. Гэсэн хэдий ч шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд эмхэтгэл мэдээж ширээний ном нь  хэвээрээ байгаа.

    “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдэн гарч байгаа энэ чухал үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын парламентын үе үеийн Тамгын газрын хамт олон, ялангуяа Хэвлэх хэсгийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.   


Үүсгэсэн: 2017-11-21 10:11

Хуралдааны тов