Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2018-04-11 08:52  394


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.04.10) үдээс хойш 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

  Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.


   Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

  Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

   Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан.

   Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

   Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар:

·      Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ.

·      Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

·      Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.

·      Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.


   Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын тухайд олон улсын дамжин өнгөрөх авто тээвэрлэлтэд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тулгарч байгаа. Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэлээ.

   Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа. Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байгаа. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

    Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

   Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

   Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.


   Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,  улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан, түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.




   Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Ундраа, Н.Оюундарь нараас хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-04-10 18:36  394