ТБХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2020-08-28 12:17  180

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг Байнгын хорооны дарга Б.Жавхлан дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдлыг цаашид өрөөр санхүүжүүлэх магадлалтай гэдгийг хэлээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 62 хувиас 56.5 хувь бууруулах зохицуулалт, төсвийн алдагдлын хэмжээтэй уялдах эсэхийг тодруулж хариулт авав. Нөгөө талаар ДНБ-ий хэмжээ буурах магадлал бий учраас дээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэв. Коронавируст цар тахлын нөлөөллөөс үүдэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь шаардлага, үзүүлэлтүүдийг нэг жилээр хойшлуулж байгааг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан. Мөн өрийн дарамтыг бууруулах чиглэлд ирэх жилээс эхний бондын төлбөр болох 2.9 тэрбум ам.долларын төлнө. Үүнийгээ дунд хугацааны өрийн стратегиар тодорхой хэсгийг хуримтлалаас, үлдсэн хэсгийг бонд гаргах замаар шийдэхээр төлөвлөөд байгаа гэв. Бондуудыг олон улсын зах зээлээс тусламж, дэмжлэг хэлбэрээр буюу зарим нь 15 жил, ихэнхдээ 30-40 жилийн хугацаатай, 0-2 хувийн хүүтэйгээр санхүүжүүлж байгаа учир өнөөгийн үнэ цэнээр буурна гэж тооцсон гэв.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр санал гаргах гишүүн бий эсэхийг Байнгын хорооны дарга тодруулсан. Гишүүдээс санал гараагүй тул Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


    Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны дарга Б.Жавхлан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг дурдлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны гишүүд үзсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

    Хуралдаанаар төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хууль, тогтоолын төслүүдэд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эмийн чанар, аюулгүй байдлын талаар санал хэлж, үүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулах Байнгын хорооны санал, дүгнэлтэд оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм.


    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэн аль ч шатны эмнэлэгт очвол авсан бүх эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө хувиасаа төлөх зохицуулалтыг онцлоод ажлын байр хомс байдаг хөдөө орон нутгийн иргэд болон малчид, хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс хүнд байдалд орох эрсдлийг тооцох ёстой гэв. Энэхүү хуулийн үйлчлэл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр төсөлд туссан байгаа бөгөөд энэ зохицуулалтад анхаарах, эс бөгөөс төслийн энэ зохицуулалтын талаар сурталчилгаа мэдээллийг иргэдэд өргөн хэлбэрээр түгээн, тэдэнд холбогдох арга хэмжээ авах боломжийг олгох үүднээс хэрэгжилтийн хугацааг хойшлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах шаардлагагүй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүд үзсэн тул дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.


    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг, танилцуулгын  хамт  хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан.  Гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2020-08-28 11:21  180