Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын 4 гишүүнээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталлаа.
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгодог төрийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээ буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Тус хуулиар батлан хамгаалах, тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгодог бөгөөд тэдгээр төрийн албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцдаг төрийн тусгай албан хаагч билээ.
Төрийн тусгай албан хаагчдын өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй хөдөлмөрлөж, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр нөхцөлд ажилладаг юм.
Иймд эдгээр албан хаагчдын эрх зүйн байдлыг хэвээр хадгалахын тулд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчиллөө.
Хууль хэрэгжсэнээр тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын алба хаагчдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурахгүй нийгэм, эрх зүйн баталгаа нь хэвээр хадгалагдах юм.
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс