Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр (2017.12.15) Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсголын эхэнд “Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлаар иргэдээс арав орчим өргөдөл ирүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд найман өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тайлбар, мэдээлэл өгөхөөр ирсэн байна” гэдгийг танилцуулав.
Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой асуудлын талаар өргөдөл, гомдол ирүүлсэн иргэд болон тэдний өмгөөлөгч, гэр бүлийн төлөөллүүд оролцон тайлбар өгч, мэдээлэл өгөв.