Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс

  2022-03-09 15:41  81

БНМАУ-ын Бага Хурлын 1992 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн “Улсын Бага Хурлын Тамгын газрын тухай” 12 дугаар тогтоолоор Улсын Бага Хурлын Тамгын газрыг аж ахуй, санхүү, боловсон хүчний асуудлыг бие дааж шийдвэрлэдэг хуулийн этгээд байхаар баталжээ. Энэ үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг дэмжин бэхжүүлэх, үе үеийн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, бүтцийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангахад нь зориулагдсан төсөв, санхүү, тайлан бүртгэл, техник ашиглалт, аж ахуйн бүх төрлийн үйлчилгээг Тамгын газрын санхүү, аж ахуй, үйлчилгээний нэгж эрхлэн гүйцэтгэж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 198 тоот захирамжаар баталсан Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Санхүү, техник ашиглалт эрхэлсэн нарийн бичгийн даргын удирдлагад Санхүү, үйлчилгээний хэлтэс (техник ашиглалтын алба, хэвлэх тасагтай) харьяалагдаж ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, эдийн засагч-зохион байгуулагч, шуурхай ажлын зохион байгуулагч, нярав гэсэн 8 орон тоотой ажиллаж байжээ.

2003 онд Тамгын газрын бүтцэд хийсэн өөрчлөлтөөр Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шууд удирдлагад ажиллах Нарийн бичгийн дарга нь Санхүү, үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг давхар гүйцэтгэх болжээ.

Харин УИХ-ын даргын 2008 оны арван хоёрдугаар сарын 5-ны өдрийн 154 дүгээр захирамжаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шууд удирдлагад Санхүү, аж ахуй, үйлчилгээний хэлтсийг 14 орон тоотойгоор ажиллахаар өөрчлөн зохион байгуулжээ.

Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 111 тоот захирамжаар Санхүү, аж ахуй, үйлчилгээний хэлтэс, Захиргаа, боловсон хүчний хэлтсийг нэгтгэн Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс болгож, Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн даргын шууд удирдлагад ажиллахаар баталсан байдаг. Улмаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 650 тоот захирамжаар Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн харьяанд ажиллах Санхүү, аж ахуйн алба болж өөрчлөгдсөн байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 560 дугаар захирамжаар Тамгын газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийг Санхүү, хангамж үйлчилгээний алба, Хэвлэх, олшруулах цех гэсэн дотоод бүтэцтэйгээр шинэчлэн байгуулсан.

Үндсэн чиг үүрэг:

Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс нь УИХ, УИХ-ын гишүүд, Тамгын газар, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн төсөв, санхүү, аж ахуйн үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг.


  2022-04-21 12:38  81