Цэс

Холбоо барих

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.24) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

    Хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар хуулийн төслийг дэмжиж үг хэллээ. 

    Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Дараа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

   Улсын Их Хурлын 2009 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баталсан бөгөөд шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах процессыг бие даасан хуулиар зохицуулах болсон. Үүнээс хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч хуулийн агуулга, үзэл баримтлал өөрчлөгдөөгүй, харин нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулийн зүйл, заалт, хэсгийн логик уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим нэр томьёог өөр өөрөөр томьёолсон, зарим зохицуулалт хангалттай бус байгаагийн зэрэгцээ шинэ төрлийн шинжилгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцууллаа. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу дүндэслэл, шаардлагад үндэслэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан гэв.


    Төсөлд шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна. Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтууд, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтад хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан гэв. Түүнчлэн Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл  ажиллагааны явцад хийх шинжилгээний зарим онцлог зохицуулалт болох инженер-техникийн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээнд хийх шинжилгээ, цахим технологийн шинжилгээ хийх зохицуулалт, журмыг шинээр тусгахаар төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

    Төсөлд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох,  уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаж, энэ хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна.


    Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт, шүүх шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо, шинжилгээний байгууллагын ажилтны эрх зүйн байдлыг шинээр томьёолон оруулж, алба хаагчийн баталгааг нарийвчлан тодорхойлох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг танилцуулгад дурдсан байв.

    Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. Шинжээчийн нэгж шинжилгээнд зарцуулах хугацаа багасах, шинжилгээ хийх хугацаа тодорхой болох, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх боломж бүрдэж, шинжилгээний үр дүн бодитой болоход нөлөөлөх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 

    Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. 

 Хууль санаачлагч шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгох, шинжилгээний хэлбэр, төрлийг шинэчлэн тодорхойлох, шинжилгээний мэдээллийн сан, төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчин бий болгох, мөн хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох зэрэг зорилгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал, дүгнэлтдээ дурдлаа. 


   Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, Б.Жаргалмаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор нар асуулт асууж, үг хэлэв. 

    Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд байгаль орчны хохирлын үнэлгээг хийнэ гэж тусгаснаар үнэлгээ хийх эрх авсан хувийн хэвшлийнхний ажлыг төрийн байгууллага руу шилжүүлэх болсон шалтгаан болон амьжиргааны түвшин доогуур болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шүүх шинжилгээ хийлгэхтэй холбоотой төлбөрийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг илүүтэй лавлаж байлаа. Мөн хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг ямар аргачлалаар хийхийг илүүтэй тодруулав. 

    Хуулийн төсөлд байгаль орчныг үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага болон хувийн хэвшил хийх эрхзүйн орчныг тодорхой болгож өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн  маш олон хэргүүд хохирлын үнэлгээ гараагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй, ял завших нөхцөл байдлууд их гарсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгжийг байгуулсан. Байгаль орчны илүү нарийвчилсан үнэлгээг хувийн хэвшил хийнэ гээд тодорхой тусгасан. Түүнээс биш хасч байгаа зүйлгүй гэдгийг Х.Нямбаатар сайд хариултдаа тодотгосон. Мөн тэрбээр, сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэж байлаа.


    Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Монгол Улсын Үндсэн хуульд хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээх ёстой бөгөөд үүний баталгааг төр хангах ёстойг тодотгоод хуулийн төсөлд сэтгэл санааны хохирлын талаар судлаад тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр барагдуулах асуудлыг тусгасан гэв. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон  жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Бид энэ зарчмыг баримталж байгаа. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ. Тухайлбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг  тав дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулсан гэж хариулж байлаа. Мөн тэрбээр, шүүх шинжилгээний төлбөрийн тухайд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэн, 18 нас хүрээгүй хүний шүүх шинжилгээ хийлгэхтэй холбоотой төлбөр улсын тэмдэгтийн хураамжаас 100 хувь чөлөөлөхөөр төсөлд тусгасан гэдгийг тодотгохын зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг байгаль орчны тухай хуулиар зохицуулсан аргачлалын дагуу холбогдох тусгайлсан нэгж хийнэ гэсэн  нэмэлт тайлбарыг өгөв.

    Ингээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,8 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл