“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 30 дугаарын тойм

  2019-08-05 16:42  159


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

2020 оны үндсэн чиглэлийн зорилт нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж гадаадын хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгдсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж, багшийн хөгжлийг дэмжин, судалгаанд суурилсан их сургуулиуд болон шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг тэлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой зорилт арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, үндэсний стандартын тоог нэмэгдүүлж, стандарт, хэмжил зүй, мэргэжлийн хяналтын орон нутгийн чадавхыг сайжруулах, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж барилгын засвар төслийг үргэлжлүүлэх хүрээнд Батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьжээ.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 11 их наяд 22.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 461 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 112 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 1 их наяд 275 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-08-07 16:42  159