1. Хэлэлцээр соёрхон батлах тухай
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа болон Туркээс Монголд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул эдгээр иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Туркт амьдарч, ажиллаж байх хугацаандаа монгол иргэд тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн даатгалд даатгуулж, даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг Турк Улсын иргэний нэгэн адил хуулийн дагуу эдлэх эрхтэй боловч тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, өндөр насанд хүрэх үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр авах, нас барвал оршуулгын тэтгэмж авах зохицуулалт байхгүй байгаа юм.
Иймд Талууд иргэдийн хүсэлт, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VII хуралдааны Протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн 2018.03.05-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.
Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар:
- Туркт ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч, ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилах;
- манай иргэдийн Турк Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, аль аль талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх;
- иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, турк иргэний нэгэн адил тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ авах эрх зүйн үндэс бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
2. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын санаачилсан “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрлийн дагуу эх үүсгүүрүүдийг барьж, нэгдсэн сүлжээнд холбовол сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болох 1200 МВт-аас давж гарахаар байгаа юм. Энэ тохиолдолд нэгдсэн сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл үүснэ.
Түүнчлэн 2007 оны хуульд тусгагдсан зарим зохицуулалт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих дэлхий дахины нийтлэг бодлого, зохицуулалтад нийцэхгүй болсноос гадна дамжуулах сүлжээнд холбогдох нар, салхины том чадлын үүсгүүрийн төслүүдийг техникийн нөхцөл болон үнээр өрсөлдүүлэн шалгаруулах, “төсөл хэрэгжүүлэх баталгаа”-г төсөл хэрэгжүүлэгчдээс авах, үнэ, тариф, урамшууллын шинэ тогтолцоо бий болгох зэрэг зайлшгүй шаардлага үүссэнтэй уялдуулж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар:
- эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой харьцаагаар хөгжүүлэх боломж бий болно.
- хаана, ямар чадлын нар, салхины эх үүсгүүр барих, ямар хэмжээний эрчим хүчийг худалдаж авах талаар төлөвлөж, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
- өрсөлдөөн бий болсноор тухайн зах зээлийн бодит үнэ ханш тогтож, төслийн үнэ, тарифыг бууруулах нэг хөшүүрэг болно.
- үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн төлбөрт шингэдэг “дэмжих тариф”-ыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэх юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.10.30