Цэс

Холбоо барих

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.


Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийв.

Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуусан. Тэрбээр,  Улаанбаатар хотын 171 хороо 203 болж нэмэгдсэн атал иргэдийн амин чухал асуудлыг шийдвэрлэх боломж нь хомс хэвээр. Хууль батлагдсанаар ард иргэдтэй хамгийн ойр байдаг энэ нэгжид асуудал шийдвэрлэх боломж нээгдэх үү хэмээлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байгааг тодотгоод баг, хорооны талаар нэмж тусгасан зүйл байхгүй хэмээлээ.


Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дүүргийн төсөвт хорооны төсвийг тусгайлан заахаар  тусгасан ч хорооны төсөвт өөрчлөлт ороогүй байна. Дүүргүүдийн орлого сайжирсан атал хорооны төсөв өөрчлөгддөггүй. Дүүргүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аа баримтлан хороодын төсвийг нэмэгдүүлээд ажиллах боломжийг нь хангах шаардлагатай байна гэсэн хариулт өгсөн.

Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Дараа нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийлээ.


Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс “Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Эрдэнэсийн санд шилжүүлэх талаар шийдвэр гаргах;” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс төслийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйл, 18 дугаар зүйлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн дахин санал хураалгахаар саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 80 хувь нь дэмжлээ хэмээн танилцуулсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, хуулийн төсөлд сорьцын хяналтыг зөвхөн төрийн байгууллага хийдэг биш итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд хийж болохоор тусгасан байсан. Хэлэлцүүлгийн явцад эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг итгэмжлэгдсэн хуулийн этгээд хийж болох эсэх асуудлаар гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Сорьц тогтоох эрх бүхий байгууллагатай холбоотой заалт өөрчлөгдсөн үү, төсөл дээр заасан хэвээрээ байгаа юу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоож байх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн. Тиймээс “Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан гэсэн хариулт өгсөн.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор санал хураалт явуулахад гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд эрдэнэсийн сорьцыг баталгаажуулахтай холбоотой дээр дурдсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол олонхын дэмжлэг аваагүй. Ингэснээр эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулах тухай төслийн заалт хэвээр үлдлээ.

Эцэст нь хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Мөн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.


Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байх, иргэн, хуулийн этгээд дотоод хяналт шалгалтаа зохион байгуулж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар нийт зарчмын зөрүүтэй 6 санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулаагүйгээс болоод хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирвал үүний хариуцлагаас хяналт шалгалтын байгууллага мултарч үлдэх учиргүй гэж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг онцолсон.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, иргэдэд чаддаг зүйлээ хийж, үйлдвэрлэлээ явуулж, жижиг, дунд бизнесээ эрхлэх боломжийг олгон, төрөөс хяналт шалгалтаар дарамтлахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, төрөөс гагцхүү стандартыг гарган мөрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэлээ. Тэрбээр энэ бизнес цаашид амжилттай байх эсэхийг зах зээлийн өрсөлдөөн тодорхойлно хэмээсэн.


УИХ-ын гишүүн Н.Учрал, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтгүйгээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй гэлээ. Тэрбээр, манай зах зээл дээр байгаа эмийн үйлчилгээ бусад оронд хэрэглэж буй эмээс 4-5 дахин бага, хугацаа нь хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй байхад төлөвлөгөөт хяналтыг зогсоовол хяналтыг хэрхэн тавих вэ хэмээн тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, эм, эрүүл мэндийн салбар өндөр эрсдэлтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байхаар хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулсан гээд энэ салбарт эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын аль аль нь хийгдэнэ гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд аж ахуйн нэгж, иргэдийг хяналт шалгалт нэрээр далайлгадаг тогтолцоог өөрчлөх, хяналтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, хууль хоорондын болоод хяналт шалгалтын давхардал, зөрчлийг арилгах, аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах, эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, байгаль орчин, технологийн хяналттай холбоотой асуудлыг хөндөн асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, ямар хяналтыг үргэлжлүүлж, ямар хяналтыг зогсоох асуудлыг дахин ярилцаж байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулан хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл