УИХ-ын гишүүн Н.Оюундарийг Буриад Улсын Засгийн газраас “Мөнгөн тэмдэг” медалиар шагнасныг гардуулав

  2017-09-19 14:02  1036

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийг өнөөдөр (2017.09.19) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Сергей Пурбуевич Будажапов хүлээн авч, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас “Мөнгөн тэмдэг” медалиар шагнасныг гардуулав.


Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Сергей Пурбуевич Будажапов Монгол, Буриад Улсын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан таныг Буриад Улсын Засгийн газраас энэхүү хүндтэй шагналаараа шагнасныг гардуулж буйдаа таатай байна. Буриад Улсын Засгийн газар гаднын болон дотоодын хүндтэй иргэдээ “Алтан тэмдэг”, “Мөнгөн тэмдэг”, “Зэс тэмдэг” гэсэн шагналаар шагнаж урамшуулдаг. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь таны хоёр улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь “Өнгөрсөн хугацаанд Монгол, Буриад улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Буриад Улсаас Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламентын бүлгүүд идэвхтэй ажилласан.

Язгуур угсаа нэгтэй буриад түмэнтэйгээ бид уламжлалт, нөхөрсөг харилцаагаа хадгалсаар ирсэн, цашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-09-19 14:02  1036