Цэс

Холбоо барих

ХЗБХ: Цэцийн дүгнэлт болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаан 12 цаг 05 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд шийдвэрлэсэн. Дунд суудлын энэ хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар тэрбээр танилцууллаа.


    Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн  1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авсан бол дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар үг хэллээ. Хүн эрх талаасаа ч, Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцын хүрээнд харсан ч Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Ямар нэг хэрэг үүссэн асуудал нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн бол тэр тухай Цэцэд маргаан үүсгэсэн бол хэргийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй. Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчүүлэхгүй байхад нийтээрээ анхаарах ёстой гэв. Цэцийн дээрх шийдвэрийн үндэслэлд "Үндсэн хуулийн цэцэд тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийг түдгэлзүүлэхээр байгаа нь хэргийн бусад оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг алдагдуулж, тэгш байдлыг хангах зарчмыг хөндсөн байна” гэж дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн онцлов. Үндсэн хуулийн цэц нь дарга нарын асуудлыг хэлэлцдэг байгууллага биш гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд “Цэц нь Монгол Улсын иргэн нэг бүрийн эрх, эрх чөлөөг хангадаг, зөрчигдөж байгаа тохиолдолд хамгаалах учиртай юм. Гэтэл зөвхөн Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал түдгэлзүүлж болно, харин иргэн хүн Үндсэн хуулийн цэцэд гомдол, маргаан гаргавал түдгэлзүүлэхгүй гэж байгаа нь маш зохисгүй хандлага, агуулга гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол гаргах эрхтэйг Үндсэн хуульдаа заасан байдгийг тэмдэглэн хэлсэн. Эрх ашиг нь зөрчигдсөн иргэн эрх, эрх чөлөөгөө хангуулах, хамгаалуулах үүднээс бүх түвшинд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрх нээлттэй байх ёстой гэдгийг хэлээд Цэц иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан ийм шийдвэр гаргасан нь туйлын зохисгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Цэцийн үйл ажиллагааг хуульчлах, мөн Улсын Их Хурлаар Цэцийн  дүгнэлтийг хэлэлцэх дэгийн талаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийллээ.


    Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.


    Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж Үндсэн хуульд огт нийцэхгүй шийдвэр гаргасан гэдгийг хоригт дурджээ.

    Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн атал Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзсэн байна.


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

    Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын Тамгын газраас хариулт, тайлбар авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлсний дараа санал, хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэйгээр хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.


    Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусган боловсруулсан байна.

    Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмж тусгасан байна. Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.  


    Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан гэв.

    Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйн мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан гэлээ. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ хуульч нь нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

    2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа аж.

    Хуулийн төсөлд тусгасны дагуу хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх, шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Хуульчдын холбоог оновчтой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зевлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байх, харин хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулах юм байна. Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөлллийг Хуульчдын холбоо, харин емгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулах юм байна.


    Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл бүхий 25 гишүүний, Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их Хурлаас сонгох бөгөөд Удирдах эөвлөлийн болон Хяналтын хорооний гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулахаар тусгалаа.

    Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбооны Их Хурал хоёр жил тутамд хуралдах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн хоёр жил, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг гурван жилээр тус тус тогтоосон нь холбооны бодлого, журмын хэрэгжилт үр нөлөөтэй, тогтвортой, уялдаа холбоотой хэрэгжих боломж муу, гишүүдийн cap тутам төлдөг хураамж дээр үндэслэдэг холбооны хөрөнгийг үргүй зарцуулах нөхцөлийг бий болгож байсныг өөрчилж, Хуульчдын холбооны Их Хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тус бүр дөрвөн жил байхаар тусгасан байна.


    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Хуульчдын холбоо нь төрийн байгууллага биш, харин мэргэжлийн, хамтын удирдлагын байгууллага байтал Их Хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нь дөрвөн жил болгож байгааг буруу хэмээн үзэж, холбогдох тайлбараа хийсэн. Ж.Сүхбаатар гишүүн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хуульчдын холбооны үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдолтой, үр дүнтэй байх ёстой, тиймээс эрх зүйн орчин,баримтлах бодлогыг нь зөв тодорхойлох нь зүйтэй гэв. Хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэл рүү Хуульчдын холбоо оролцох шаардлагагүй, төслийн 6 бүлэг тэргүүтэй зарим зүйл, заалтыг бүхэлд нь хасах нь ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хэллээ. Төслийн хамрах хүрээг хязгаарлах, Хуульчдын холбооны үйл ажиллагааг маш тодорхой, цомхон, оновчтой байдлаар томьёолох нь зүйтэй, эс бөгөөс хуульч болох гэсэн хүмүүсийн заавал дамжин өнгөрөх ёстой “дунд шатны коридор” болгоод, үүнийгээ салаатай болгож байгаа нь буруу гэв.


    Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл