Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.19) Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл: Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Гурван бүлэг, есөн зүйл бүхий энэ хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Нийгмийн харилцаа, технологийн хөгжлийн энэ цаг үед 26 жилийн турш хэрэгжиж буй Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй байгааг төслийн танилцуулгад дэлгэрэнгүй дурдсан байна. Иймд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг тусган, шинэчилсэн найруулгыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нэртэйгээр боловсруулжээ. Хуулийн төсөл нь нийт найман бүлэг, 32 зүйлтэй.
Хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлжээ.
Хуулийн үйлчлэх хүрээг хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Мөн гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар, дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Хүний хувийн мэдээлэл цуглуулахдаа эзнээс нь зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг хуульчлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан байна. Мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, сэтгүүл эүйн зорилгоор хувь хүний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эрх, үүргийг тогтоож, эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах зохицуулалт, хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагчийн үүргийн талаар төсөлд тусгасан байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хуний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгажээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчлэн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болгон өөрчилжээ. Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээлэл хэмээн тодорхойлж, төсөлд тусгасан байна. Нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхойлж, одоо мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээлэл дээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой; мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх; хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл; мэдээлэл хариуцагчийн эээмшиж байгаа газрын мэдээлэл; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн; стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай эөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл гэх зэргээр хамрах хүрээг өргөжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл бий болгох, түүний нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй, төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгалаа.
Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн (“Хур” систем) болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалтыг энэхүү Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийг бий болгож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилтын талаарх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн үйл ажиллагаа цахимжихтай холбоотойгоор төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаандаа албаны цахим шуудан, мэдээллийн систем ашиглах, иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дугаараар цахим шуудангийн хаяг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй болох, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэх ач холбогдолтой юм байна. Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэх аж. Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж, төрийн мэдээлэл, үйлчилгээ авах зардал болон цаг хугацаагаа хэмнэх давуу талтай болохыг төслийн танилцуулгад дурджээ.
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим гарын үсгийг нөхцөлийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэхээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт орсон аж. Хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, цахим гарын үсгийг хэрэглэх эрх зүйн болон техникийн шаардлагын талаар төсөлд тодорхойлон тусгажээ. Төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад мэдээллийг цахим орчинд иргэн, хуулийн этгээд хооронд дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байна.
Цахим гарын үсэгт тавигдах шаардлагыг тодорхойлж, хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой, мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэл болон тоон гарын үсэгт өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн төрийн албан хаагч иргэний хэрэглэх тоон гарын үсгээс гадна төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болох юм байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээд л тоон гарын үсэг хэрэглэх зохицуулалттай байгааг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэх боломжтой болох аж. Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхний санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулдаг болох юм байна. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.
Тоон гарын үсэг, цахим тамга нь гэрчилгээжүүлэлт, түүнтэй холбогдох харилцааг цогц байдлаар хуульчлахаар төсөлд тусгасан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.