Цэс

Холбоо барих

ХЗБХ: Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 16 цаг 55 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.


“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах засаглалын зорилгын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, авлигагүй засаглалыг төлөвшүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, хүн нийгмийн амар тайван байдлыг бүрдүүлэх, хууль сахиулах байгууллагын хөгжлийг бэхжүүлэх чиглэлд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүнгийн талаар гишүүд хэлэлцсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.

Ингээд Б.Энхбаяр, С.Бямбацогт, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нарын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тусгагдсан “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд шилжүүлнэ” гэсэн заалтыг “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Ц.Сэргэлэн, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.


Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь тус байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай байв.

Уг тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан Хууль зүй, дотоод хэргийн яамны болон УИХ дахь цөөнхийн төлөөлөл өөрчлөгдсөн тул гишүүдийг нөхөн томилох шаардлага үүссэн байна.

Иймд дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ дахь цөөнхийн төлөөлөлд УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж нарыг нөхөн томилуулах саналыг байнгын хороонд ирүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан саналын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын талаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат танилцуулга хийв.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавих шаардлагыг тодруулж, нэр дэвших хүсэлтийг нээлттэй болгосон. Мөн тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэхээр хуульчилсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа өмнө нь хаалттай явагддаг байсан. 2020 онд холбогдох хуулийг шинэчилснээр нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулахаар хуульчилсан юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 24  иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлсэн.

Томилгооны сонсголыг товлож, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэв. Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагыг нээлттэй бүртгэж, хамруулсан юм.

2020 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан томилгооны сонсголд сонгон шалгаруулалтын нийт 19 оролцогчоос 18 нь хүрэлцэн ирж дэгийн дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулсан. Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Томилгооны сонсголыг УИХ-ын IPtv-ээр шууд дамжуулж, нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулах боломж бүрдүүлсэн. Мөн, сонсголд цахимаар оролцохоо илэрхийлсэн 86 иргэнийг zoom аппликэйшныг ашиглан урьсан бөгөөд сонсголыг фэйсбүүк сүлжээн дэх ParliamentMN хуудсаар шууд нэвтрүүлсэн нь иргэд сонсголыг шууд үзэх, тухай бүр саналаа бичих, асуулт тавих нөхцөлийг бүрдүүлсэн.

Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Хүний эрхийн Үндэсний Комиссын 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн 1 гишүүнийг сонгох ёстой гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилохдоо хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандаж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс хүйсийн төлөөллийг 50, 50 хувьтай байлгах саналыг гаргав. Үүнийг анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд байнгын хорооны протоколоор өгөхөөр тогтов.

Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг 90.9 хувийн саналаар, УИХ дахь цөөнхийн төлөөлөлд УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдоржийг 81.8 хувийн саналаар оруулахыг дэмжлээ.

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 72.7 хувийн саналаар дэмжлээ.


Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ.

Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх  эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.


Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авсан юм. Харин Н.Алтанхуяг гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлэв.



Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл