Цэс

Холбоо барих

НББСШУБХ гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.01.08/ хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулжээ.


Инновацийн тухай хуульд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд дутуу томьёолсныг дахин, зарим нэр томьёог орхигдуулсныг дахин шинээр томьёолон хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхой болгох, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.

Гарааны компаниудын хувьд хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхээс гадна, олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур санал болгох боломжийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх инновацийн грант олгох зэргээр төрийн дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн оролцооны зохистой түвшинг бий болгох асуудлыг мөн тусгасан байна.

Инновацийн тухай хуулийн 16.1-д заасан “Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас” бусад дэд бүтцүүдийг сэргээх, гарааны компаний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтын оффис, бизнес менежментийн компанийг шинээр нэмж тусгасан аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа асуулт асууж, хариулт авсаны дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов.

Байнгын хорооны тогтоолд заасны дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.


Тухайлбал, 2019 оны төсөвт мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн тухайн оны төсвийн зардлын 50 хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр баталсан байна. Мөн Үнэлгээний төвийн өөрийн орлого бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурлаар оруулан тогтоол гаргуулахаар бэлтгэж буй аж.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр тусган ажиллаж буйг сайд мэдээлэлдээ дурдсан. Боловсролын тухай хуулийн 40.4.4-д политехник коллеж сургалтын төлбөр авах эрх зүйн орчин бүрдсэн тул 2019 оны 01 дүгээр сард зохион байгуулах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн, үр дүнгийн гэрээ байгуулах уулзалт хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан мэдээлэл, чиглэл өгөхөөр ажиллаж буйг тэрбээр нэмж хэлсэн.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хуулийн 7.1-д дэх хэсэгт “Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна” гэж заасны дагуу багш бэлтгэх, давтан сургах төв ажиллуулах талаар 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүрт чиглэл өгсөн байна.


Багшийн хөгжлийг дээшлүүлэх ажлын хүрээнд 2018 оны байдлаар давхардсан тоогоор төрөл бүрийн сургалтад нийт 4000 гаруй багшийг сургалтад хамруулан мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн ажилласан хэмээн С.Чинзориг сайд мэдээлсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор “Багш бүрийг компьютержүүлэх” арга хэмжээг авч 2019 оны хагас жилээр нийлүүлсэн байхаар төлөвлөж, нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж буйг тэрбээр дурдсан.

Үүнээс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын цалингийн урамшуулал таван хувь байсныг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувь болгон нэмэгдүүлж олгохоор Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа өгч, цалингийн урамшуулалд шаардагдах зардлыг 2019 оны төсөвт тусгуулан батлуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Оюунчимэг, А.Ундраа, Ё.Баатарбилэг нар асуулт асууж хариулт авсан юм.

2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

Мөн хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 36 тэрбум 723.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй /шилжих хөрөнгө оруулалт бүхий/ барилга, тоног төхөөрөмж, их засвар, хөрөнгө оруулалтын 97 төсөл арга хэмжээ хэрэгжихээр Улсын Их Хурлаас баталсан. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2018 онд 17 тэрбум 340 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.


Үүнд: Их засварт нийт 34 арга хэмжээнд 2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж нийт 35 арга хэмжээнд 1 тэрбум 830 сая төгрөг, нийгмийн даатгалын байгууллагуудын барилгын их засвар нийт 13 арга хэмжээнд 1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт нийт 24 арга хэмжээнд 12 тэрбум 510 сая төгрөг зарцуулахаар батлагдсан байна.

Эдгээр арга хэмжээнээс нийслэл, дүүргийн Засаг даргад нийт 2 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 4 төсөл, арга хэмжээ, аймгийн Засаг дарга нарт нийт 5 тэрбум 67 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ, салбарын харьяа газар, агентлаг, төсвийн төвлөрүүлэн захирагчдад нийт 2 тэрбум 676 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 43 төсөл, арга хэмжээг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нийт 30 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл, арга хэмжээг тус тус эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн гэлээ.

Мөн яамны хэмжээнд 20 тэрбум 150.3 сая төгрөгийн /2018 онд санхүүжих 7 тэрбум 167.0 сая төгрөг/ 26 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллажээ.

2018 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хөрөнгө оруулалтын нийт санхүүжилт 97.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Өнгөрсөн онд салбарын хэмжээнд газрын асуудал шийдэгдээгүй, зураг төсөвгүй батлагдсан 16 төсөл, арга хэмжээг салбарт хэрэгжсэн нэг маягийн загвар зургаас холболтын зураг төсөв хийлгэж, холбогдох техникийн бичиг баримт, газрын зөвшөөрөл, дэд бүтэцийн холболтын зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаар гаргуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулж төлөвлөгөөт хугацаанд нь багтаан хэрэгжүүлж ажилласан гэж сайд С.Чинзориг мэдээлсэн юм.

2018 онд боловсролын салбарт 265, соёлын салбарт 50, спортын салбарт 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэв.

Нийт 73 сургуулийн барилгад 73 тэрбум, 105 цэцэрлэгийн барилгад 72.5 тэрбум, 18 спорт заалын барилгад 11.1 тэрбум, 19 дотуур байрын барилгад 12.4 тэрбум, их, дээд гурван сургуулийн барилгад 8 тэрбум, 29 барилгын их засварт 16.9 тэрбум, тоног төхөөрөмж болоод бусад 14 арга хэмжээний хөрөнгө оруулалтад 14.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Салбарын сайдын мэдээлснээр 2018 онд боловсролын салбарын 53 барилга ашиглалтад орсон бөгөөд үүний 27 нь цэцэрлэг, 12 нь сургууль, долоо нь спорт заал, долоо нь дотуур байр аж. Ирэх онд 278 барилга ашиглалтад орно гэж Ц.Цогзолмаа сайд мэдээлэлдээ дурдсан.


Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд Эрүүл мэндийн сайдын багцад нийт 193.3 тэрбум төгрөгийн 63 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсанаас 60.7 тэрбум төгрөг тусгагдсан хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэв.

Он дамжин хэрэгжихээр 2018 онд 105.7 тэрбум төгрөгийн 13 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсанаас 2018 онд 22.1 тэрбум төгрөг тусгагдсан гэлээ.

Үүнд он дамжин хэрэгжүүлэхээр 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга, 12 тэрбум төгрөгийн өртөгтэй гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй гурван төсөл буйг дэд сайд дурдсан.

Шинээр 2018 онд хэрэгжүүлэхээр 87.6 тэрбум төгрөгийн 50 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 2018 онд 38.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд эдгээр нь 23.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 29 шинэ барилга, 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 их засвар, 10.092 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээ юм байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүжих 60.7 тэрбум төгрөгөөс 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон гэсэн мэдээллийг дэд сайд өгсөн.

Салбарын сайд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр энэ өдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл