Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Эхлээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

    Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бүрэн тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар заасны дагуу Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. 


    Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо

    Дараа нь Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Энэ удаагийн тооллогыг бүртгэл буюу төрд суурилсан мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар мэдүүлгийг авах гэсэн хосолмол аргаар зохион байгуулснаараа онцлогтой болохыг танилцуулгын эхэнд дурдсан. Үүний үр дүнд мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэж, зардал хэмнэсэн ач холбогдолтой юм байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл болгож, 2019 онд байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулсан байна.


    Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3.296.866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122.301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.


    Нийт хүн амыг нас, хүйсийн бүтцээр ангилвал 56.6 хувь нь 18-59 насных, хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны хүнд ноогдох 18-аас доош насны болон 60-аас дээш насны хүн амын хувь бол 55.3 хувь байгаа аж. Хүн ам зүйн ачаалал 2010 онд хамгийн бага байсныг энэ үеэр Б.Батдаваа дарга дурдлаа. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилвал нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө, түүнчлэн нийслэлд 1.466.125 хүн аж төрдөг байна.

    Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.


    Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна. Үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нийт өрхийн хэлбэрийн талаарх дүн мэдээг танилцуулсан.


    Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэхүү тооллогын үр дүнг ажлын байр, ажил эрхлэлттэй холбогдуулан ашиглах, хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө юуг анхаарах ёстой талаар тодруулсан. Хөдөлмөрийн насны хоёр хүнд хөдөлмөрийн насны бус нэг хүн ноогдож буй хөдөлмөрийн насны хүн амын тоо өндөр байгаа энэ цонх үед нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бодлогыг сайжруулах боломжтой гэдгийг хэллээ. 1990-2000 оны хүн амын өсөлт бага байсан, энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд оролцож эхэлж байгаа ба цаашид завсарын үе үүсгэх болно гэдгийг хэлж байв. Хөдөлмөрийн оролцооны хувьд 56 хувь гэсэн дүн гарсан бөгөөд дэлхийн дунджаар 60 гаруй хувь байдгийг дурдсан. Цар тахлын нөлөөллөөс үүдсэн 58 хувь байсан үзүүлэлт 56 хувь болж буурсан гэв. Иймээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар орон сууцны улсын тооллого явуулах шаардлага, шалтгааны талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байлаа.


    Гишүүдийн тодруулсны дагуу ажил эрхлэлтийн талаар 2020, 2021 оны эхний улирлын харьцуулсан дүн мэдээг танилцуулсан юм. 2021 оны I улирлын дүнгээр нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн 2.105.000 байгаагийн ажиллах хүчин нь 1.156.000 байгаа аж. Ажилгүйдлийн түвшин 2020 оны I улиралд 6.6 хувь байсан бол энэ оны эхний улиралд 8.8 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, 100.000 орчим хүн ажиллах хүчнээс хасагдсан байна. Эдгээрийг салбараар нь ангилж харвал, сүүлийн нэг жилийн хугацаанд албан бус хөдөлмөр эрхэлж байсан иргэд ажилгүй болсон бөгөөд цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэдэг тайлбарыг Б.Батдаваа дарга хэлэв.

    Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонссон талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.

Монголбанк 2020 онд 23.6 тоннд ны алт худалдан авч, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар болжээ

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуралдаанд тайлангаа танилцууллаа.

    Өнгөрсөн 2020 он нь эдийн засаг, нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан, хүнд сорилттой жил байсныг тайлангийн эхэнд тэрбээр дурдав. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, эдийн засгийн бус шалтгаантай хямралын жил болсон. Ковид-19 цар тахал бүх улс, бүх салбар, бүх хүний амьдралд нөлөөлж байгаа хэдий ч 2020 онд хүлээгдэж байсан эдийн засаг, санхүүгийн салбарын олон том сорилтуудыг даван гарсан гэв. Тухайлбал, цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлсэн гэв. Мөчлөг сөрсөн хэлбэрээр мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, 2020 онд бодлогын хүүг 11 хувиас бууруулж түүхэн доод түвшин болох 6 хувьд хүргэсэн юм. Бодлогын эдгээр арга хэмжээ нь цаашдын эдийн засгийн сэргэлт, зээлийн хүүгийн бууралтад шууд нөлөөтэй болохыг дурдсан. Мөн манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсан талаар тайланд дурджээ. Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-аас хасах шийдвэрийг Европын Комисс гаргаад байгааг тайлангийн үеэр мэдээллээ. Цар тахал эдийн засагт хүнд цохилт болж байгаа ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгааг онцолсон. Үүнд, Монголбанкны алтны худалдан авалт нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны түвшинд хадгалагдсан, олон улсын санхүүгийн байгууллага, доноруудын өндөр дүнтэй санхүүжилт орж ирсэн нь гол нөлөө үзүүлсэн болохыг тайланд дурдсан юм.

    Олон секторт нүүр тулж байсан богино хугацааны гадаад өрийн дарамтыг бууруулжээ. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгасан, 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий “Номад” бондыг амжилттай арилжаалж “Чингис”, “Мазаалай” бондыг дахин санхүүжүүлжээ.


    Тайлант онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай дуусгаж, олон улсын санхүүгийн байгууллагууд, доноруудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Монголбанк дунд хугацаанд баримтлах стратеги, бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагуудтай хамтран батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн гэв. Улсын Их Хурлаас “Зээлийн хүүг бууруулах стратеги”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг, Монголбанкнаас “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг баталсан юм. Эдгээр баримт бичиг нь харилцан уялдаатай, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгааг дурдсан. Энэ хүрээнд инфляцын зорилтыг 2021 оноос эхлэн 6 хувь болгон шинэчилж, банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүг 2023 оны эцэст жилийн 12 хувьд хүргэж бууруулах зорилт тавьжээ. Энэ 2020 онд инфляц дунд хугацааны зорилтот түвшинд байж, шинээр олгосон зээлийн дундаж хүү 1.2 нэгж хувиар буурч, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ түүхэн рекорд түвшин болох 23.6 тоннд хүрч, гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.5 тэрбум ам.долларын босгыг давсан байна.


    Цар тахлын улмаас бодит эдийн засаг агшиж, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах төлөв үүссэнийг харгалзан Монголбанкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж ажилласан байна. 2020 оны гуравдугаар сард “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д онцгой нөхцөл байдал үүссэн хугацаанд мөрдөх нэмэлт, өөрчлөлтийг оруулахын зэрэгцээ эргэн төлөлт нь доголдсон зээлүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, төлбөрийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Үүний үр дүнд, тайлант оны эцсээр төлбөрийн хүндрэлд орсон 141,171 зээлдэгчийн 1.27 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2.540 ААН-ийн 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 44,956 өрхийн 2.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ.

    2021 онд сорилт үргэлжлэх хэдий ч, эдийн засгийн цаашдын төлөв эерэг гэгээтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч тайлангийн төгсгөлд танилцууллаа. Ковид-19-ийн вакцинууд гарч, улс орнуудад вакцинжуулалт эхлээд байгаа тул глобал эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа гэв. Төсөв, мөнгөний бодлогын дотоод эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний үр нөлөө ч цаашид нэмэгдэнэ хэмээн тооцжээ. Үүний үр дүнд эдийн засаг алгуур сэргэж, ирэх жил  6 орчим хувиар өсөх, инфляц зорилтот түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцлийн дарамт бага байх магадлалтай гэж тооцсон байна. Энэхүү эдийн засгийн сэргэлт, түүний иргэн, аж ахуйн нэгж бүрд очих үр нөлөө нэмэгдэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сорилтыг боломж болгох итгэл, манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа юм байна. Монгол Улсын эдийн засаг цаашид эрчимтэй өснө хэмээн үзэж Төв банк эдийн засгийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэв.


    Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авсан бол тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар үг хэлсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл