Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаарх гишүүний асуулгын хариуг сонслоо

  2018-10-26 18:46  457


    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.26) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа төслийн хэдэн нэгж байгаа, түүнд хичнээн хүн ажилладаг, тэдгээрийг төсвөөс болон гадаадын зээл, тусламжийн хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, мөн төслүүдийн үр дүн, өгөөж хэр байгаа, улсын хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийг ямар шалгуур, үндэслэл, үзүүлэлтээр сонгож төслийн нэгж байгуулдаг, төслийн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, бүтэц, удирдлага, зөвлөх үйлчилгээний зардал хэдэн хувийг эзэлж байгаа, гадаадын зээл, тусламжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төслүүдийн хяналт-шинжилгээ үр дүнг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, цаашид төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, хуулийн дагуу явуулах талаар хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа зэрэгт хариулт авахаар Ерөнхий сайдад хандаж уг асуулгыг тавьжээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүний асуулгад өгсөн хариултдаа, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжийг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулдаг. Одоогийн байдлаар гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол 6 нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм. Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай, тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим  тэрбум төгрөгийг зарцуулж байна гэдгийг дурдлаа.


    Монгол Улсын Засгийн газрын хувь оролцоог зээл, тусламжийн санхүүжилтийн гэрээнд тусгайлан тодорхойлж заасан тохиолдолд тухайн төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлдэг. Засгийн газрын авч байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүд нь ихэвчлэн нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөгдөх чадваргүй, нэн ялангуяа төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхэд эх үүсвэр хүрэлцдэггүй дэд бүтэц, авто зам, эрчим хүч зэрэг салбарт хэрэгжиж байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.6-д “нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх;”, мөн хуулийн 24.3-т “Энэ хуулийн 7.1.6-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана” гэж тус тус заасан.

    Нийгмийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үндсэн зорилготойгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй авч байгаа гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ нь эргэн төлөгдөх чадваргүй, нийгмийн ач холбогдолтой төслүүд байдагтай холбоотойгоор бизнесийн хөрөнгө оруулалтын төсөлтэй нэгэн адил төслийн дотоод өгөөжийн хувь хэмжээ болон зардлаа нөхөх хугацааг тооцдоггүй. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулдаггүй гэдгийг сайд онцлов.

Монгол Улс 1991 оноос хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд түншлэгч орон, олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, буцалтгүй тусламж авч ирсэн. Гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг 2015 он хүртэлх хугацаанд Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль болон түүнийг дагалдан гарсан эрх зүйн актаар зохицуулж байсан.

    Харин Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар өмнө нь 10 гаруй салангид хууль, тогтоомжоор зохицуулагдаж ирсэн энэхүү харилцааг нэг хуулиар нэгтгэн зохицуулах боломжтой болсон. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийг байгуулах, тэдгээрт хяналт тавихтай холбогдсон бусад эрх зүйн актын тухайд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам", Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-аар тус тус зохицуулж байна. Эдгээр журамд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, түншлэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд зээл, тусламжийг авах хэлэлцээрийн явцад тухайн төсөл, арга хэмжээний хамрах хүрээ, хүрэх үр дүн, зорилго, нэн ялангуяа төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хүний нөөцийн чадавхиас хамаарч тухайн төслийг бие даасан Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохион байгуулалттай хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрт тусгадаг. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийг төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор, санхүүжилтийн хэлэлцээрт тодорхойлсон дуусах хугацаатай уялдуулан, байгуулж байна. Ингэхдээ төсөл хэрэгжүүлэгч нэгжийн бүтэц, орон тоог төслийг захиалагч байгууллагын саналыг харгалзаж, дээрх журмууд болон санхүүжүүлэгч байгууллагын дотоод журмыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар байгуулдаг бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор чадварлаг боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар шалгаруулж, төслийн ажилтан тус бүртэй гэрээ байгуулан, төсөл хэрэгжүүлэгч нэгжийг бүрдүүлдэг.

    Түүнчлэн Төсвийн тухай хуульд Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөл хэрэгжүүлэгч нэгж нь төсвийн байгууллага байна гэж заасан бөгөөд энэхүү заалтын хүрээнд төсвийн байгууллагад тавигддаг хуульд заасан бусад нөхцөл, шаардлагыг хангуулах чиглэлээр Сангийн яамнаас тогтмол нэгдсэн зөвлөмж, удирдлагаар хангаж, санхүүжилтэд нь хяналт тавьж байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийн тайлагналтад байнгын хяналт тавин ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулав.

    Засгийн газар 2013-2017 оны хооронд нийт 85 төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлснээс 61 төсөлд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажилласан байна. Эдгээрээс 14 нэгж нь тухайн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгосон бол үлдсэн  төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Дуусгавар болсон төслөөс амжилтгүй, үр дүнгүй хэрэгжсэн төсөл байхгүй бөгөөд одоогоор татан буулгах төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй гэдгийг сайд мөн тодотголоо.

    Түүнчлэн эдгээр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд 2013-2017 оны хооронд нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааны зардал нь тухайн төсөл, хөтөлбөрийн онцлог, ач холбогдол, хамрах хүрээ зэргээс хамааран харилцан адилгүй байдаг  бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын жилийн жигнэсэн дундаж хэмжээ 318.4 сая төгрөг байна гэдгийг хэллээ.

Монгол Улсын эдийн засаг зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед гадаад орон, олон улсын байгууллагуудаас авсан хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1.6 дахин их хэмжээнд хүрч, шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч гадаад зээл, тусламжийн эх үүсвэр нь цаашид ч Засгийн газрын санхүүжилтийн шаардпагатай хэрэгцээг шийдвэрлэх чухал эх үүсвэр хэвээр байна.

Энэ нь ирэх төсвийн жилүүдэд Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал, төсвийн мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй Засгийн газрын өрийн үйлчилгээний ачааллыг жигдэлж багасгах, өрийн дарамтыг бууруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаатай холбоотой.

    Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн олон улсын байгууллагад элсэн орж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл, тусламжийн эх үүсвэрийг авч ашиглаж эхэлсэн үеэс эхлэн энэхүү харилцаанд мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актыг үе шаттайгаар шинэчлэн, сайжруулж ирсэн. Өнөөгийн нөхцөл байдалд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжүүд, тэдгээрийн ил тод байдлыг хангах харилцаа нь Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон эдгээр хуулийг дагаж гарсан журам, эрх зүйн актаар зохицуулагдаж байна. Эдгээр эрх зүйн актуудыг цаашид шинэчлэх шаардлага үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд хариултдаа дурдав.


    Гадаадын зээл, тусламжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төслүүдийн хяналт-шинжилгээ үр дүнг сайжруулах үүднээс гадаадын зээл, тусламжийн талаар мөрдөгдөж байгаа эрх зүйн акт, журам зааврыг боловсронгуй болгохоор хөгжлийн түншүүд, төслийг хэрэгжүүлэгч байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд салбарын хэрэгжүүлж байгаа төслүүдийн зорилго, цар хүрээ зэргээс хамаарч, нэн ялангуяа төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хамааралтай нормативыг өөрчлөх хувилбарыг боловсруулж шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг Улсын Их Хурал тодорхойлох бүрэн эрхтэй талаар заасны дагуу Сангийн яамнаас тус бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

    Төслийн хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, Засгийн газрын хуралдаанаар тайланг хэлэлцүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж байгаа. Мөн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг нэгтгэн дүгнэх, санхүүжүүлэгч талд Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, салбарын бодлого, тэргүүлэх чиглэлийн баримт бичгүүдийг танилцуулж, тэдгээр бодлогын баримт бичигт тусгагдсан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тодорхойлж, мэдээлэл харилцан солилцох зорилгоор зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг сэргээн зохион байгуулах”-аар тусгасны дагуу Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Цаашид Засгийн газар болон гадаад түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, үйл ажиллагааны үр өгөөж, мэдээллийн ил тод байдал, бодлогоо нээлттэй хэлэлцүүлэх, харилцан итгэлцэл, хариуцлагатай үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтсон.

    Энэхүү хамтын ажиллагааны зохицуулалтын механизм нь хөгжлийн түншүүдтэй харилцах харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, Засгийн газрын зүгээс хөгжлийн бодлого, үндсэн чиглэлд заасан зорилтыг хөгжлийн түншүүдийн зээл, тусламжийн эх үүсвэртэй уялдуулах, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр ашиг, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн түншүүдтэй хамтарч ажиллах хүрээ, чиглэлийг тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэллээ.

Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн данс нь зарим арилжааны банкуудад байршиж байгааг Төрийн сангийн нэгдсэн дансанд төслийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэлгүйгээр үе шаттайгаар шилжүүлэх, улмаар Төрийн сангийн нэгдсэн данснаас төлбөр тооцоог хийж, гүйцэтгэх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулиар тодорхойлсон Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагад мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх, тайлагнах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Сангийн яамнаас тодорхой үүрэг чиглэл хүргүүлэн, хяналт тавьж ажиллаж байгааг танилцуулсан юм.

    Гишүүний асуулга болон уг асуулгад Сангийн сайдын өгсөн хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ё.Баатарбилэг, О.Батнасан, С.Бямбацогт, Н.Оюундарь, М.Билэгт, Д.Оюунхорол нар төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр өгөөж, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны талаар Сангийн сайд болон нэгдсэн хуралдаанд оролцсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нийслэлийн хэмжээнд 75 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөх ажил хийгдэж байгаа, үүнийг хоёр газар хариуцдаг. Дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа 25 компанийн төсөл үр дүнтэй хэрэгжиж байгаа. Ажлын явцыг улам эрчимжүүлэх үүднээс манай яам нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ үндсэн дээр энэ чиглэлээр тодорхой шийдвэр гаргах болно гэлээ.

    Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тус яамны хэмжээнд одоогоор 23 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 11 нь буцалтгүй тусламжаар, 12 нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 6 төсөл хэрэгжүүлж байгаа, үүнээс 22 сая ам.долларын санхүүжилтээр 2011-2018 онд хэрэгжүүлэхээр тохирсон Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үр дүн сайн байгаа. Энэ төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэх үндсэн зорилготой гэсэн хариулт өгөв.

    Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэрэгжилт удаашралтай, үр өгөөжийн хувьд асуудалтай зарим төсөл, хөтөлбөр бий. Энэ 2018 оны төсвийг батлахад гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх хөрөнгө 134 тэрбумаар хасагдсан. Ирэх 2019 оны төсвөөс гэхэд бас 120 тэрбум төгрөгөөр хасагдаад байна. Энэ бүхэн нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн төслийн нэгжийн удирдлагууд байн байн солигддог, газрын асуудлыг шийдэхэд хүндрэл учирдаг гээд янз бүрийн гацаа саад, хүндрэл бэрхшээл тохиолдох нь ч бий.

    Зарим яаманд хэрэгжиж хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт гүйцэтгэл сайтай байхад зарим яаманд хэрэгжилт удаан, мөнгө хэмнэгддэг тал байсан учраас ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлэх замаар санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийддэг байхаар болж байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн зарим төсөл, хөтөлбөрийн үр өгөөж тааруу, хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байх нь олонтоо байгаа учраас цаашид гадаад зээлийг аль болохоор багасгаж, хөрөнгө оруулалтыг дэмждэг орчин руу явах чиглэлийг Засгийн газар барьж ажиллана. Энэ үндсэн дээр хувийн хэвшлийнхэн хийчих боломжтой зүйлд гадны зээл тусламж авахгүйгээр улсын төсөвт дарамтгүйгээр шийддэг байх арга замыг хайж байна. Үүний зэрэгцээ төслийн үр өгөөжид илүүтэй анхаарна, төслийн нэгжүүдийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхийг чухалчила гэдгийг тодотголоо.


    Дараа нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрбээр гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн үр өгөөжийг улам сайжруулах, ялангуяа тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр цаашид Засгийн газар эрх зүйн орчноо эргэн харж дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийг байгуулахдаа бүтэц, зохион байгуулалт нь ямархуу байх, үйл ажиллагааг нь хэрхэн үнэлж дүгнэдэг байх, ил тод, нээлттэй байдлыг нь хэрхэн хангах зэргийг нарийвчлан авч үзэж, энэ талаарх дүрэм журмаа өөрчлөн нэгжийн хүлээх хариуцлагыг нь дээшлүүлэхэд анхаарах, түүнчлэн зөвлөх үйлчилгээний зардал нэрээр төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн нэлээд хувь нь буцаад гарчихдаг байдлыг эргэн харж оновчтой зохицуулалт, шийдэл олох, гадны зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа ажлын өртөг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын өртгөөс өндөр байгааг анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

    Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    


  2018-10-26 18:38  457