Цэс

Холбоо барих

ХЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд бие даасан 12, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 38 хуулийг хэлэлцэн батлуулжээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2018.07.04) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 


    Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 50 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолыг  батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчөлт оруулах хууль 38 байгаа талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм. Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийтдээ 12 удаа хуралдан 28 хуулийн төсөл (хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 22), Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, хяналт шалгалтын тайлан 1, харьяа яам, агентлагийн тайлан 2, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал 5-ыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт 31, танилцуулга 6, зарчмын зөрүүтэй 119 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны хуралдаанаас гарсан 1 тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлжээ. 


    Бүртгэлийн багц хуулийг Улсын Их Хурал баталсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улс бүртгэлийн үйл ажиллагаандаа эрх зүйн цогц, томоохон шинэчлэл хийх нөхцөл бүрдээд байгааг Ш.Раднаасэд гишүүн тэмдэглэсэн. “Улсын иргэний бүртгэлийн байгууллагаас өгдөг 68 төрлийн үйлчилгээний 65-70 хувь нь бичгээр байсныг 11 дүгээр сараас эхлэн цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдээс бичиг, цаасаар лавлагаа авдаг, чирэгдүүлдэг байдлыг 65-70 хувь бууруулна. Үүнийг дагаад 33 журам батлагдах ёстой бөгөөд эдгээрийн хүрээнд иргэдэд үйлчилгээ хүргэж буй анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааг нарийвчлан, хөнгөвчлөх зохицуулалтууд хийгдэх юм” гэлээ. 

    Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар тэрбээр тодруулга мэдээлэл өгсөн. “Дээрх хуулиудын хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэлүүдийн талаар талуудыг оролцуулсан удаа дараагийн хэлэлцүүлэг явагдсан. Хууль зүйн яамнаас хуулиудад оруулах өөрчлөлтийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Өнөөдөр энэ чиглэлийн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хороо ч бодитой саналуудыг тусгах, шаардлагатай бол оролцох шаардлага бий гэж үзэж байгаа. Хаврын чуулганы үеэр нэг асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд хорих ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдийн тоо огцом нэмэгдсэн. Эрүүгийн хуулиар санамсаргүй, болгоомжгүйгээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүд шууд шоронд хоригдох зохицуулалттай байсныг өөрчилж, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ. 

    Үргэлжлүүлэн тэрбээр “Мөн Улсын Их Хурлын 19 гишүүн “60 тэрбумын” гэх асуудлын талаар нээлттэй сонсгол явуулах албан бичгийг хүргүүлсэн. Тиймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын Ерөнхий Прокурорын байгууллагад албан ёсны бичиг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд асуудлыг авч үзсэн, холбогдон хүсэлт, бичгээ хүргүүлээд байгаа” гэв. 


    Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 33 албан бичиг, иргэд, байгууллагаас 17 өргөдөл, гомдол ирүүлсэн бөгөөд, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Энэ талаарх тоон мэдээллийг Байнгын хорооны дарга сэтгүүлчдэд танилцуулаад “Иргэд цагаатгах ажилтай холбоотой тодруулга, санал хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлдэг. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанаад үүдэн эрх зөрчигдсөн гэх гомдол, саналууд, хууль зүйн туслалцаа хүссэн өргөдлүүд ирдэг. Тэдгээрийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хариуг аваад, иргэдэд албан ёсоор хариуг нь өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хэрэгжилттэй холбоотой, ар гэрийн нөхцөл байдлын улмаас хорих газрын байрлалыг өөрчлүүлэх, хоригдож буй нөхцөл байдлын талаарх санал, хүсэлтүүд ирдэг” хэмээн тодруулан мэдээлэв. 

    Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулгын хугацаанд 5 ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт хийх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг, чиглэлийг өгсөн аж. Ажлын хэсгийн хүрээнд Дорнод, Ховд, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймагт сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мөн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллээ. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхийн ажлын хэсэг 2018 оны 5 дугаар 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газарт ажилласан юм. Мөн ажлын хэсгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нотариатчдын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцсон. Уулзалтын үеэр яригдсан зарим саналыг Улсын бүртгэлийн багц хуулийн төсөлд тусгаж батлуулсан болохыг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцоллоо. Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөлтэй уулзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажилласан байна. 

    Хууль зүйн байнгын хорооны эрхлэх хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй  Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг томилсон бөгөөд тус дэд хороо ээлжит чуулганы хугацаанд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцсан байна. 


    Хэвлэлийн бага хурлын төсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурал түр хороо байгуулснаар ямар боломж бүрдэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалтын талаар болон бүртгэлийн багц хуулийн талаарх асуултуудад хариулт өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл