Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.01.18) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан А.С.Цыденовыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан, мөн Буриадын ард түмний тэргүүн болж Засгийн газраа удирдах хүндтэй албанд томилогдсонд баяр хүргээд УИХ-ын даргын өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр “Монгол Улсад БНБУ-ын тэргүүний хувиар хийж буй анхны таны айлчлалын хүрээнд Орос-Монгол, Буриад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж нээгдэж байгаад сайшаалтай байна. Цаашид улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх нь чухал байна” гээд Орос-Монголын хамтын ажиллагаанд төмөр зам, транзит тээврийн асуудал багтаж байгаа. БНХАУ “Нэг бүс-нэг зам” санаачлагыг гаргаж, хэрэгжүүлж эхэлснээр Орос, Монгол, Хятад гурван улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх том боломж нээгдэнэ гэж харж байна. Иймд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд энэ асуудлыг анхааралдаа авч хамтарч ажиллахыг хүслээ.

Мөн Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээлэлд Буриад улсад зорчсон монгол иргэдийн тоо жилд 500 мянгад хүрч, жижиглэнгийн худалдаа 2.6 дахин өссөн үзүүлэлт гарсан. Иймээс жуулчдын тоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд, хоёр тал санаачлагатай ажиллах чухал байгааг онцлон дурьдав.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, УИХ-ын дэд даргатай бүрэн санал нийлж буйгаа илэрхийлээд транзит тээвэр, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мөн соёл урлагийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БНБУ-ын тэргүүн, Засгийн газрын даргын Тамгын газрын хүний нөөц хариуцсан орлогч дарга Б.Б.Дагбаин, УИХ-ын гишүүн, Орос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Буриад-Монголын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд дарга Д.Хасар нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл