“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 35 дугаарын тойм

  2018-09-24 10:20  265


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Шведийн Хаант Улс, Япон Улс, Туркменистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинэ Элчин сайдыг тохоон томилсон байна.

Мөн Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Энэхүү тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг баталсан бөгөөд уг дүрмийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулах, хуульд заасан үе шатны дагуу зураг төслийг боловсруулах, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангах, зөвшилцөх болон зураг төсөлд магадлал хийх, баталгаажуулах, хадгалахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөх юм байна.

Зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил, төсөл боловсруулах үе шат, үйл ажиллагаа, зураг төслийг зөвшилцөх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, эх загвар зургийн иж бүрдлийг хянан хүлээн авах, барилга байгууламжийн зураг төслийг хадгалах болон бусад харилцааны талаар дүрэмд хэрхэн тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Түүнчлэн Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. “Монгол судлалыг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг уг тогтоолоор баталсан бөгөөд монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, сурталчлан таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монгол  судлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, хэл, соёлын дархлааг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж буй аж.

Хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд монгол судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулж, монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаад, дотоодын байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулан, гадаад, дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар ахмад болон залуу эрдэмтэн, судлаачдын залгамж холбоог бэхжүүлж, эх түүх, үндэсний соёлын өвийг судлан үндэстний дархлааг бэхжүүлж, монгол судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гадаад дотоодод сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-09-25 10:20  265