Төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо

  2018-06-04 16:31  301

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан нар өнөөдөр (2018.06.05) манай улсад ажиллаж буй Нидерланд улсын Засгийн газрын төлөөлөгч,  Сангийн яамны ажилтан Чиэрд Тим, Хайс Баккер нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.  

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан төлөөлөгчидтэй уулзсан.


Европын холбооны улсаас эрхлэн төсөвт зардлын үнэлгээ хийдэг Нидерландын системийг үндэслэн улс орнуудад төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Монгол Улсад нэвтрүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж эхэлсэн талаар зочид танилцуулав. Танилцуулгадаа “Төсөвт зардлын үнэлгээ хийх нь өнгөрсөнд санхүүгийн ямар нэгэн аудит хийх бус ирээдүйд бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөж, хуримтлал үүсгэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл учирвал хөрөнгөө хэрхэн зарцуулах зэргийг тооцон гаргаснаа бодлогын тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулдаг санхүүгийн аргачлал” гэж онцлон тэмдэглэв.

Одоогоор Сангийн яамны төсөв боловсруулахад оролцдог ажилтнуудад сургалт явуулж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдах хүмүүсийн тоог салбар бүрээс нэмэгдүүлснээр төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа талаараа мөн тэмдэглээд Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой эсэхийг тодруулсан.

Хариуд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Боломжтойгоор барахгүй бүр шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэж, төлөөлөгчдийн сонирхсон төсөв болон, төсвийг УИХ-аар хэлэлцэн баталдаг явцын талаар мэдээлэл өглөө.

Талууд мөн УИХ-ын бүтэцд төсөвтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцдэг бие даасан Төсвийн зөвлөл байж болох талаар, энэ чиглэлээр бусад орнуудын туршлагын талаар ярилцаж, харилцан санал солилцсон.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж эдийн засаг нь бүхэлдээ савлагаатай байдаг Монгол Улсын онцлог болон улстөрийн намууд сонгуульд оролцохдоо чиглэлийг нь гаргадаг Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг нэгбүрчлэн судалсны үндсэн дээр төслийг хэрэгжүүлж явах нь үр дүнтэй болно гэдгийг тэмдэглэсэн.

Уулзалтаар талууд төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нутагшуулах энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2018-06-05 14:37  301