Тэтгэвэр авагчийн эрх ашиг хөндөгдөж буй, эсэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Дэд ажлын хэсэг хуралдлаа

  2018-04-09 08:27  177
Тэтгэвэр авагчийн эрх ашиг хөндөгдөж буй, эсэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Дэд ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг нар хамтран Байнгын хорооны тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг нэмэгдүүлэн долоон жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулж, эрх ашгийг нь хөндөж байгаа эсэх талаар санал, дүгнэлт, шийдвэрийн  төсөл боловсруулж, Байнгын хороодын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна.

Дээрх Ажлын хэсэгт хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг мөн байгуулсан бөгөөд дэд ажлын хэсэг өнөөдөр (2018.04.09) хуралдлаа.


Хуралдааныг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг удирдаж, дэд ажлын хэсэгт багтсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Сангийн яамны төлөөллийн танилцуулсан  даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг нэмэгдүүлэн долоон жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулж, эрх ашгийг нь хөндөж байгаа эсэх талаар мэдээлэл сонсов.


    Дэд ажлын хэсэгт мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөхүүд багтсан бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүд энэ үеэр Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар саналаа хэлэв.

    Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орж, нийгэм, эрх зүйн байдал нь дордохоос сэргийлж Ажлын хэсэг ажиллах учир бүх тооцоо, судалгааг нарийн гаргаж танилцуулаарай хэмээн ажлын дэд хэсгийн гишүүдэд чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2018-04-09 17:51  177