Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2017-06-06 16:57  732

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.06) хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар  сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн хувьд төлөгдсөн байгаа онцгой албан татварын буцаан олголтыг журамд хэрхэн тусгах талаар тодруулж байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртлэх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд буцаан олгоно. Хоёрдугаарт, импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олголтыг хийнэ. Гуравдугаарт, дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт хийхийг Засгийн газраас батлах журамд тусгана” гэж хариулав.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг, төслийн нэгдүгээр зүйлийн “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус 100 хувь дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 1 дүгээр зүйлд заасны дагуу төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Сангийн яам, Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нэмэлт зээлийн болон гэрээний төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр  Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг 2018 онд бүрэн хэрэгжиж дуусахад нийт 11 сая евро санхүүжилт шаардлагатай байгаа аж. Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцсон байна. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд зээлийн хүү (жилийн) 2,0 хувь, хугацаа 30 жил,  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэй аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-06-06 16:48  732