“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 35 дугаарын тойм

  2020-09-21 11:57  43

    Эмхэтгэлийн шинэ дугаарт  Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хууль,хэлэлцээрийг бүрэн эхээр нь нийтлэв. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ногоон сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногооны сан хоорондын хэлэлцээр”-ийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан бөгөөд хэлэлцээртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

    Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ. 

    Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай болон "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" тогтоолын зорилго нь зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхдээ санхүүжилтийн зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүүгийн зуучлалыг хязгаарлахгүйгээр зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн үндсийг тодорхойлж, тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий холбогдох байгууллагад үүрэгжүүлэх, хэрэгжилтийг хангаж, хагас жил тутам Улсын Их Хуралд тайлагнаж, үр дүнд парламентын хяналтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Тогтоол нь 4 заалт, 4 дэд заалтын хүрээнд тодорхойлсон 19 арга хэмжээ, 47 дэд арга хэмжээ бүхий хавсралттай бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээ нь зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах гэсэн 4 чиглэл тусгагдсан байна. 

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд улсын начин, улсын харцага, улсын заан цол олгосон болон үндэсний сурын харваачдад улсын цол олгосон тухай зарлигийг нийтэллээ. 

    Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол болох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг нийтэлсэн. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл  олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх арилжааны банкийг сонгох, эргэн төлүүлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар хэрхэн зохицуулсантай дэлгэрэнгүй танилцаарай гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


  2020-10-05 11:57  43