Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.08.22) АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён Грегори Мэй Монгол Улсад томилогдон ирээд удаагүй бөгөөд анхны албан ёсны уулзалтаа ийнхүү УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай хийж байгаадаа баяртай байна гэдгээ онцлов.
Уулзалтын эхэнд ноён Грегори Мэй АНУ-ын Элчин сайдын яамнаас Биоаюулгүй байдлын үндэсний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж буй “Монголын хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн өнөөгийн хөгжил, цаашдын чиглэл” сэдэвт хурлын талаарх мэдээллийг өгсөн юм.
Энэхүү хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд буй АНУ-ын биотехнологийн судлаач, мэргэжилтэн Принц Аддэ хувиргасан амьд организмыг ашиглан гарган авсан бүтээгдэхүүний талаарх өөрийн судалгааны ажлын талаар Байнгын хорооны дарга Х.Болорчулуунд танилцууллаа.
Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжил, бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.