Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.


Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлэн явуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.


Дараа нь Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/92 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/93 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/94 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцсэн юм.


Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ирүүлснийг танилцуулсан.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, нэр бүхий гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.


Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлсэн хэмээлээ. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь томилохыг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулсан юм.


Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл